А.Одсүрэн: "Харанга" болиосой гэж байгаа бол харин ч “шавар хаана” шүү

"Харанга" хамтлагийн гитарчин Л.Одсүрэнтэй ярилцлаа. Тэрээр өөрийн бие даасан "INVITATION" цомгоо гаргаад байгаа юм.

-Шинэ цомгийнхоо талаар сонирхуулаач?

-Энэ миний анхны цомог. Арван нэгэн дуутай. Хамтлагтаа дуу зохиоход бүгдээрээ ярилцаж таван хүний сэтгэл зүрх нийлж байж тухайн уран бүтээл төрдөг. Би багаасаа Deep Purple хамтлагийг сонирхож сонсдог байсан. Тиймээс тэдэн шиг бүтээл хийхийг зорьж өөрийн оюуныг шингээсэн цомог гаргалаа.

-Анх хэдэн настайдаа гитар сурч байв?

-Намайг найман настай байхад эгч маань зааж өгч байсан. Тэр үед чинь эрэгтэй, эмэгтэй ялгаагүй гитар тоглодоггүй хүн гэж байгаагүй шүү дээ. Нэг ангийн 30 гаруй хүүхэд бүгд тайзан дээр банзан гитартай гарч ирээд тоглодог байсан.

Би найзынхаа гэрт хоёулаа гитарыг нь дамнуулаад барьчихсан даралтгүйгээр орилж байсан чинь эгч нар орж ирээд анх ля минор гэж аккордыг зааж өгч байсан. Түүнээс хойш сонирхож сурч эхэлсэн дээ.

-Анх тайзан дээр хэзээ гарч байсан бэ. Пионерийн ордонд гитар тоглодог байсан гэсэн?

-Хорьдугаар сургуулийн тайзан дээр 1969 онд дөрөвдүгээр ангид байхдаа анх гарч байсан. 1971 онд Харшийн ёолконд оролцож байхад Пүрэвжав багш харчихаад "Чи Пионерийн ордонд ирнэ шүү" гэсэн. Тэгээд л дугуйланд явж эхэлсэн дээ.

-Тухайн үед гитар ховор, үнэтэй байсан гэдэг. Таны анхны гитар ямар гитар байсан бэ?

-Намайг багад банзан гитар 35 төгрөгийн үнэтэй их ховор эдийн нэг байлаа. Ээж маань анх тийм банзан гитар авч өгч байсан юм. Харин дөрөвдүгээр ангид байхад манай сургуулийн Чүлтэмсүрэн багшид хэн ч бэлэглэсэн юм Мелено гээд Чехийн завод улаан өнгөтэй цахилгаан гитар ирсэн.

Тэрийг чинь би багшаас гэр лүүгээ авч явахаар их гуйна. Заримдаа өгч явуулна. Яг үнэнээ хэлэхэд орондоо гитартайгаа л унтдаг бай-лаа. Би дөрөвдүгээр анги хүртлээ онц сураад түүнээс хойш алтан гурав руу орж гитартайгаа үерхсэн дээ.

-Та хамгийн их үнээр ямар гитар авч байсан бэ?

-3200 доллараар авсан гитар бий. Гитарууд ер нь үнэтэй байдаг. Бид бол гитараа дэлгүүрээс л авч байна. Харин өндөр хөгжсөн орнуудад дэлгүүрээс авдаггүй. Утсаар захиалаад хүмүүс нь ирээд гарын хэмжээ бүх юмыг нь аваад хувцас шиг тааруулаад хийчихдэг. Түүнийг нь мастер гитар гээд байгаа юм.

-Сургуулийн хүүхдүүдэд хөгжмийн боловсрол хангалтгүй олгож байна гэж ярьдаг. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Социалист нийгмийн үед сургууль бүр бүх хөгжмөөр хангагдсан байдаг байлаа. Сургууль, байгууллага болгон үндэсний хөгжим, цахилгаан хөгжмийн хамтлагтай байсан, урлагийн үзлэг гээд ланжгар арга хэмжээ жил болгон болдог байв. Биеийн тамир ч мөн ялгаагүй тийм байсан даа. Одоо сургуулиудын материаллаг бааз байхгүй болчихсон. Түүнээс хангамж сайтай бол өнөөдрийн хөгжмийн багш нарын боловсрол дээр үеийнхээс илүү л байгаа. Монголчууд зах зээлд шилжээд 20-иод жил л болж байна. Байгаа юмаа голоод яах вэ. Цаашдаа сайжраад сайхан болно байлгүй. Гэхдээ социалист нийгэмд байсан сайн сайхан олон зүйл одоо үгүй болжээ. Диктатур гэж ярихаар хорьсон, боомилсон гэж ойлгодог. Гэтэл бидний үлгэр дуурайл аваад байдаг Америк дээд зэргийн диктатуртай газар шүү дээ. Тамхи татаж болохгүй. Пиво уугаад рок хөгжим сонсоод сууж байж тамхи татахгүй. Хэрэв татвал гарч татаж байна. Хүмүүс эмх замбараанд ороод ирэхээр бие биеэ хүндлээд ирж байгаа юм. Гэхдээ манайхан удахгүй тийм болох байх. Монголчууд аливааг их хурдан өөриймшүүлдэг хүмүүс шүү дээ.

-Ер нь нот уншиж мэддэг болох нь уран бүтээлч биш хүнд ямар хэрэгтэй вэ?

-Хүний зүрхний цохилт, алхаанаас эхлээд бүх л зүйл хэмнэл хөгжим байдаг. Явж байгаа дуу чимээг хөгжим болгож мэдрэх мэдрэхүйг бий болгож байгаа юм. Хөгжмийг ойлгосон хүн ямарваа зүйл хэмжээтэй байдаг юм байна гэж ойлгож эхэлнэ. Энэ болгон хүмүүсийн зан чанарт нөлөөлнө. Өнөөдөр аялгууг нь сонсоод цаана нь юу болж байгааг сонсож чадахгүй болчихоод байгаа юм л даа. Пянзаар дуу сонсчихоод цаана нь тийм тийм хөгжим байна гэж ярьдаг хүүхэд ч байсан. Та нарт ч тийм мэдрэхүй байгаа. Хөгжүүлэх л хэрэгтэй. Багаас нь хөгжмийг маш сайн сургана гэдэг амьдралыг өргөнөөр ойлгодог болгоно гэсэн үг. Хөгжмийг шимтэн сонсоод ирэхээр аяндаа ном уншдаг болно.

-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл тавуулаа. Манай эхнэр эмч мэргэжилтэй. Олон жил төмөр замын эмнэлэгт ажилласан. Одоо Монголбанкинд эрүүл ахуйч эмчээр ажилладаг. Том хүү Нямсайхан Хөгжим бүжгийн коллежийг хийлээр төгссөн. Одоо Америкт магистрт сурч байна. Дунд хүү Энхсайхан маань Хөх хотын их сургуульд физик, математикаар суралцаж байгаа. Бага нь Мэндсайхан одоо дунд сургуульд сурч байна.
-Танд гитараас өөр эзэмшсэн мэргэжил бий юу?
-Байхгүй. Би аравдугаар ангиа төгсөөд Төмөр замын өртөөний "Замнал" гэж хамтлагт орж тэнд Манлайтай танилцсан юм. Хамтлаг маань сүүлд "Ногоон гэрэл" нэртэй болсон. Тэндээсээ цэрэгт татагдаад буцаж ирээд Соёмбо хамтлагт орсон. Тэндээсээ циркт орох тэр үед "Харанга" хамтлаг байгуулагдсан даа.
-"Харанга" хамтлаг хэрхэн байгуулагдсан бэ?
-"Харанга"-ын бий болох үүсэл нь Ц.Энхманлай бид хоёрын "Ногоон гэрэл" дээрээс анх эх нь тавигдсан. Одоо СУИС-ийн багш төрийн соёрхолт С.Соронзонболд бид хоёр пионерийн ордонд нэг хамтлагт байсан юм. Тэр 1973 онд Унгар явж ирэхдээ пянзнууд авчраад Deep Purple-ийг анх сонссон. Тэр үед рок, поп гэж юу байлаа. “Битлз”-ийг л мэддэг. Их ярих юм бол яг "Битлз" гэж чухам ямар хамтлаг юм гэдгийг ч мэддэггүй. Урт үстэй л бол Битлз гэж ойлгодог хүнч байлаа шүү дээ.
Энэ дөчин мянгатынхан соёл түгээсэн нь үнэн. Тэр хил гаалиар шалгуулдаггүй дипломат хүмүүс л пянз зөөдөг байсан. Мөн төмөр зам байна. Оросууд их байдаг байсан. Тэднээс пянз их авдаг байж. Deep Purple-ийг би яагаад сонирхдог болчихсон гэхээр нэг тийм монгол ая шиг санагддаг байсан. Тэгээд дуурайж тоглоод л хуулаад л, амь наснаасаа илүү хайртай дуртай болчихсон. Хамтлагийнх нь гишүүдийн нэрсийг нь цээжилж аваад хоорондоо ярьдаг, дууг нь тавьж сонсдог байсан.
Тэр үед чинь стерио магнитфон цөөхөн байлаа шүү дээ. Төмөр замд гэхэд гарын таван хуруунд багтдаг. Манлай бид хоёр яг ориг Deep Purple сонсох гэж Ганхүүг ажлыг нь гартал гадаа хүлээгээд гэрт нь очдог. Тэгж сонирхдог, дуртай байсан.
Тэгээд хоёулаа яг Deep Purple шиг хамтлаг байгуулна гэж хоорондоо ярьдаг. Бүр зүүдэлж ч байсан. Тэр үед чинь шууд дуу зохиогоод дуулчихаж болдоггүй. Заавал шүлгийг нь зохиолчдын хороогоор, аяыг нь хөгжмийн зохиолчдын хороогоор батлуулж байж тайзан дээр гардаг байлаа. Ардын дуунууд хамаагүй. Тэгээд ардын дуунуудын эхлэлийг нь Deep Purple шиг тавьж найруулж байгаад тоглодог байлаа ш дээ.
-"Харанга" хамтлагийн анхны гишүүд нь ямар хүмүүс байсан бэ?
-Анх Манлай, Пүүжээ, Соронзонболд бид дөрөв 1983 онд гурван ардын дуу Монголын радиод бичүүлж байсан. Ая нь бол яг л Deep Purple.   Тэр   үед   бид   цэргийн ансамбльтай адил дандаа ахлагч нар байсан. Халагдахад их хэцүү, Соронзонболд   циркт   байлаа. Манлай тэр хоёр нийлчихлээ. Би "Соёмбо"-д байсан. Бид гурав л нийлчих гээд байгаа юм ш дээ. Би халагдах гэсээр байтал 1988 он болчихлоо. Тэгсэн Соронзонболд хойшоо консерватурт явчихав. Энэ хооронд Манлай Булгантай танилцсан байсан. Нэг хүсэл сонирхолтой хүмүүс хоорондоо танилцана гэдэг амархан шүү дээ. Төд удалгүй Пүүжээ халагдсан. Ингээд дөрвүүлээ болоод циркээс гарсан. Хөгжим байхгүй болохоор Соёл-Эрдэнийн чинь хоёр дахь дагалдан хамтлаг болъё гээд Ухнаа дарга дээр хүртэл очиж байлаа. Тэр үед "Найман гитарын цуурай" уралдаанд бид дөрөв тоглоод Манлай түрүүлж байсан. Тэмцээний дараа рок Мөнхсайхан "Та нарыг Н.Сувдаа эгч ирж уулз гэсэн" гэж хэллээ. Тэгээд 1989 оны нэг сарын үед Драмын театрт Н.Сувдаа эгчтэй очиж уулзсан. Подвалийн цонхгүй нэг өрөөнд бөмбөр, гитарууд байж байна. Тэнд пижигнүүлж эхэлсэн дээ. Хөгжмүүдээ шинэчлэхээр Соёлын яамны дарга Таяа гэж хүнд Н.Сувдаа эгч бид хоёр хүсэлт гаргасан. Тэр үеийн 172 мянган төгрөг гэдэг мөн их мөнгө байсан даа. Дэлгүүрт очоод хөгжим авах гэсэн бас цохож өгөхгүй, их зовлонтой. Танил талаараа хөөцөлдөж байгаад гэрэл мэрэлтэй аймаар хөгжим авлаа даа. Тэр үед улсын хэмжээнд гадаадаас 20 ширхэг микрофон захиалсан байсан. Тэрнийг нь бид авах гээд байдаг. Харин аз таарч тэрийг нь хариуццаг хүн нь төмөр замын миний доод ангид байсан Даваасүрэн гэж залуу байсан. Тэгээд Даваасүрэнг барьж аваад гурав хоног найрлана биз дээ. Тэгээд цохуулаад ороод авахад нярав нь "Даваасүрэн дарга ингэж цохсон нь үнэн үү" гээд гайхаж байсан. Бид бөмбөр дээр 12 микрофон тавьж байгаа юм. Тэгж анх хөгжим аваад одоо нийтийн дуу зохиогоод байгаа Жавхлангийн "Амьдрал" гээд дууг нь зохиосон Найдандорж гээд залуу байгаа даа. Тэр манай дуучин байсан.
-"Харанга" гэж нэр өгснийг янз бүрээр ярьдаг?
-Драмын театрынхан дунд хамтлагтаа нэр өгнө гэж зар тараасан. Гэтэл чуулгын бүжигчин Сүхээ гэдэг залуу энэ нэрийг өгсөн юм. Тэгээд найман аймгаар тоглолтоор явсан даа. Хүмүүс Харанга гэж мэдэхгүй. Увсын Тэс суманд зарлал харчихаад "Харанга гэж юу гэсэн үг юм бол доо, харалган хүмүүс гэсэн үг юм болов уу" гэж байсан юм гэсэн. Аймгуудаар тоглолт хийж ирээд Булган, Найдандорж хоёр хамтлагаас гарсан. Тэгж байтал Чука "Соёмбо"-оос гарах гэж байгаа сураг гарлаа. Дөрвүүлээ болчихоод дуунуудаа гаргаж байтал Чука "дуучин авья нэг хүн байна" гэлээ. Ингээд Лхагвасүрэнг авсан. Аав нь Хатанбаатар гээд бидэнтэй Соёмбод цуг байсан хүн л дээ.
-"Харанга" хамтлагийнхан насны хувьд хэр зөрүүтэй вэ?
-Манлай арай ах, харин Чука бид хоёр нас чацуу тэгээд Пүүжээ орно. Лхагваа биднээс нэлээд дүү л дээ.
-Лхагвааг хамтлагтаа авахад дургүй байсан гэдэг?
-Би дургүй байсан. Хулигаан бацаан авчирч олон жил мөрөөдсөн хамтлагаа тараахгүй гээд л эсэргүүцэж байлаа. Лхагваа ирж "Шүүдэрцэцэг" дууг дуулсан. Мундаг гоё дуулдаг залуу. Ингээд тавуулаа болоод тоглолт гаргах тов гаргасан даа. Лхагваа ч үгээ бүрэн цээжлээгүй байсан. Тавдугаар сургуулийн тэнд "Мөндөл" гэж оёдлын газар баахан кноптой хувцас хийлгээд соёлын яамны коллегид орсон. Социалист нийгмийн хамгийн сүүлчийн коллегиор орсон хамтлаг нь манайх байх. Э.Оюун, Д.Ухнаа, Баатарсүх, Шарав гээд хүмүүс суучихсан. Өдөр 14 цагт тоглох байдаг. Тоглох эрхийг нь 12 цагт авах гээд байгаа ш дээ. Тэгэхэд  Оюун гуай биднийг жинхэнэ өөд нь татсан даа. Тэгэхэд 30 минутын дотор 600 хүний билет дуусч байсан. Аравдугаар сарын 26-нд анхны концертоо тэгж тоглож байлаа. Түүнээс хойш 23 жил боллоо доо. Манайх Монголдоо анхны бүтэн рок концерт тоглосон хамтлаг.
-"Харанга" Монголын номер нэг рок хамтлаг мөн үү?
-Уран бүтээлийг нэг, хоёр гэдэггүй. Үе үеэрээ байдаг. Өнөөдөр гарч ирж байгаа гитарчин Энхманлайг шүтэхгүй байна гэж байхгүй. Эсвэл энэ нэг номерийн гитарчин гэх нь утгагүй. Дэлхийд ч тийм юм байхгүй. Энхманлайн дээд талд Галсанбат ах, тэрнийдээр Баатарсүх ах байна. Тайзан дээр Өөжгий, Отгонбаяр хоёрыг зэрэг тоглуулахад нэг хэсэг Өөжгий, нөгөө хэсэг нь Отгонбаяр цөм авч байна гэж ярьдаг. Урлагийг спорт шиг тэр нь шилдэг гэж болдоггүй юм.
-С.Жавхлан сонгуульд оролцоно гэж ярьсан. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Хувь хүнийх нь хувьд хориглосон хууль байхгүй юм чинь яагаад болохгүй гэж. Сэтгүүлч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болчихсон байгаа биз дээ. Б.Бат-Эрдэнэ аваргыг бөхөө барилдаад явж бай гэж хэлж байгаа хүн байна уу, байхгүй л байна.
-Та шүүмжлэлд яаж ханддаг вэ?
-Залуудаа шүүмжлэлд уурладаг байсан бол одоо баярладаг болчихоод байгаа. Бас магтуулахаас ичдэг байсан бол одоо баярладаг болчихсон. Би одоо 55 настай. "Харанга"-тай хорь гаруй жил амьдарлаа. "Харанга" "Өргөө" хамтлагууд одоо болимоор юм гэсэн зүйл нэг сонин дээр гарсан байна лээ. Нэг хөгжимчин залуу "Харанга" болиосой гэж ярьж байгаа бол би харин ч авсанд ортлоо шавар хаана шүү гэж хэлье.
-"Харанга" хамтлагийн гишүүд тусдаа уран бүтээл гаргаад тарах гэж байгаа гэсэн яриа ч гарсан шүү дээ?
-Аль нэг нь бурхан болчихгүй бол бид тоглоод л байна. Роллинг Стоунсийг англичууд одоо боль гэх үү. Сая 70 нас хүрчихзэд Рио де Жанейрод хуучин дуунуудаараа тоглолт хийгээд, тоглолтыг нь 1.5 сая хүн очиж үзсэн гээд Гиннест бүртгүүлчихээд сууж байна шүү дээ. Бид хөгжим тоглож чадахаа байтлаа л хамтлагаараа байна.
-Цэргийн баяр болох гэж байна. Та хаана алба хаасан бэ?
-Би 1977-1980 оны хооронд Зүүнбаянд алба хаасан. Тэнд хоёр цэрэг, гурван офицертой "Баянговь" театрын дэргэдэх "Баянговь" гэдэг хамтлаг байгуулж байлаа. Армид байхдаа Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Дорнод, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговь гээд аймгуудаар зун болохоор тоглолтоор явдаг байсан. Бас хөлбөмбөгт сонирхолтой. Армийн аваргад, идэрчүүдийн аваргад орж байсан.
-Хэрвээ та хөгжимчин биш байсан бол ямар мэргэжилтэй хүн байх байсан бол?
-Математикч болох байсан. Арван жилд тооныхоо хичээлд л их сайн байсан. Сонирхолтой хичээл шүү дээ.
-Та хар тамхи татаж үзсэн үү?
-Үгүй шүү. Бидний насны хүмүүст социализм хар тамхи татах юм бол бараг шууд үхчихнэ шахуу юм тархинд суулгачихсан юм шүү дээ.
Ж.БАЯРСАЙХАН
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template