Дархан цаазтай Богд уул, Зайсангийн амны барилга байгууламж багтахаа байлаа. Өөрийн хөлжиж, баяжих эрх ашгийг төрийн хуулиас дээгүүр тавьж, газрын наймааны мафи үүсгэсэн гээд хэлчихэд огт хилсдэхгүй шуналтнууд тусгай хамгаалалттай газрыг тэр чигт нь төрөөс булааж хувьдаа аваад байна.
Өнөөдөр тэнд бүхэл бүтэн дүүрэг гэмээр шинэхэн хорооллууд сүндэрлэсэн. Эдгээрийг “баячуудынх” гэж тодорхойлдог.
Энд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан “Жигүүр гранд”, “Мантууш”, “Моно Лиза”, “БТТИ”, “Сеуле ре групп” “Софт трейд” зэрэг компани бий. Эдгээр нь аялал жуулчлал хөгжүүлэх нэрээр халхавч хийж, Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрлөөс хэтийдсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Дээрх компаниуд болон иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь заалтыг зөрчдөг. Тодруулбал, “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх”, “Хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах”, “Нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах” гэсэн заалтуудыг зөрчдөг байна.
Харамсалтай нь эдгээр барилгын компани энэ заалтуудыг зөрчөөгүй гэх шалтаг, шалтгаан даанч алга.
Тухайлбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглана” гэж заасан байдаг. Тэгвэл өдгөө нөхцөл байдал Монголд ийм хууль, заалт байдаг тухай үнэр ч байхгүй мэт. “Жигүүр гранд”-ын “Зайсан Лакшери”, эсвэл тэр “Хунгийн хотхон”-ыг түр буудаллах, отоглох, эсвэл судалгаа шинжилгээний зориулалтаар барьсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй.
Уг нь хуулийг аливаа бусармаг үйлдэл, үйл ажиллагааг таслан зогсоож, нийгмийг цэвэр байлгахыг зорьсон харилцааг зохицуулах гэж гаргадаг бус уу. Тийм ч учраас жирийн иргэн, сайд дарга, хэнбугай ч хуулийг дагаж мөрдөх ёстой. Гэвч барилгын компаниудын, хүндэтгэн өргөмжлөвөөс бүтээн байгуулагчдын булхай, бусармаг явдал хэрээс хэтэрсэн бөгөөд үүнийг хянах, шалгах, таслан зогсоох, эрхийг нь ч хасах үүрэгтэй холбогдох албаныхан анзаарахгүй мэт явсаар өдий хүрсэн. Эсвэл тэд барилгын томчуудтай ил далд сүлбэлдэж, хууль зөрчсөн гэмт үйлдлийг нь хаацайлсаар байдаг уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Харин энэ бүгдийг харж, дүгнэлт хийж, боломжийнхоо хэрээр тэмцдэг нь жирийн иргэд болон хэвлэл мэдээллийнхэн.
Зайсанд баячуудын хүүхдүүдийн сурдаг сургууль, үйлчлүүлдэг дэлгүүр гээд хэл хугалмаар олон янзын нэршилтэй хороолол сүндэрлэсээр байна. Дэлгүүрийнх нь барааны үнэ хотын төвийнхийг бодвол хавьгүй өндөр, аргагүй л баячууд Зайсанд амьдардаг даа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.
Тэнд нийт 146 иргэн, аж ахуйн нэгж аялал жуулчлалын зориулалтаар хэмээн газар эзэмших эрх авчээ. Харин МХЕГ-аас, авсан газраа хууль бусаар эдэлж байна гэсэн үндэслэлээр ердөө 26-гийнх нь эрхийг цуцалсан байна. Түүнчлэн байгаль экологид хохирол учруулсан гэх актыг 36 аж ахуйн нэгжид тогтоогоод буй юм. Гэхдээ хэн гэгчийн мэдэл дэх тусгай зөвшөөрлийг цуцалснаа албаныхан бас л нууна.
Бас заавал ч үгүй албаны акт тогтоож, хяналт судалгаа явуулан байж цуцлах шаардлагагүй зөвшөөрлүүд байна. Нэг үгээр эзэмшигчийнх нь увайгүй үйлдлүүд олны нүдэнд хэтэрхий ил байдаг компани, байгууллагынх гэсэн үг.
Тухайлбал, иргэдийн дунд “Зайсангийн эзэн савдаг” гэгдэх болсон “Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Д.Баттөр энэ аманд орд харшийг өндөр намаар нь өнгө алаглуулан барьсан. Гоёмсог, чанартай барилга барьдаг гэх ч хийсэн хууль бус үйлдэл нь бүтээснээсээ их. Тэр ч бүү хэл Зайсанд амьдардаг хүмүүст халдварт шар өвчин хүртэл тараасан гэдэг нь батлагдсан билээ. Тэгсэн хэр нь тэднийх өнөөг хүртэл барилгуудыг дараалуулан босгож, шав тавьсаар байгаа нь “но”-той. Энэ талаар иргэд, оршин суугчид Богдхан уулын хамгаалалтын захиргаа, МХЕГ-т удаа дараа өргөдөл гаргасан ч “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг нүдэн балай, чихэн дүлий царайлсаар байна. Тухайлбал, өнгөрсөн онд тус компани дэлхийд үнэт өвөөрөө бүртгэгдсэн Богдын музейн үзмэрүүдийг нь хэдхэн секундын дотор юу ч үгүй болгосон атал өдий хүртэл зохих газрууд нь арга хэмжээ аваагүй л байгаа. Энэ нь мөнгөтэй хүн юу ч хийж болдгийг харуулсан тод жишээ. Бид цаашид “Жигүүр гранд” компани Зайсанд хууль бусаар хэрхэн газар авч байгаа талаар баримттайгаар хүргэх болно.
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Post a Comment