Зайсанг зайдалсан баячууд

Дархан цаазтай Богд уул, Зайсангийн амны барилга бай­гууламж багтахаа бай­лаа. Өөрийн хөлжиж, бая­жих эрх ашгийг төрийн хуулиас дээгүүр тавьж, газрын наймааны мафи үүс­гэсэн гээд хэлчихэд огт хилс­дэхгүй шуналтнууд тусгай хамгаалалттай газрыг тэр чигт нь төрөөс бу­лааж хувьдаа аваад байна.

Өнөө­дөр тэнд бүхэл бүтэн дүүрэг гэ­мээр шинэхэн хороол­лууд сүн­­дэр­­лэсэн. Эд­гээрийг “бая­чуу­дынх” гэж тодор­хойл­дог.

Энд аялал жуулчлалын чиг­лэлээр үйл ажиллагаа явуу­лах зөвшөөрөл ав­сан “Жигүүр гранд”, “Ман­тууш”, “Моно Лиза”, “БТТИ”, “Сеуле ре групп” “Софт трейд” зэрэг компани бий. Эд­гээр нь аялал жуулч­лал хөгжүүлэх нэрээр халхавч хийж, Зайсангийн амны хяз­­гаарлалтын бүсэд зохих зөвшөөрлөөс хэтийдсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.


Дээрх компаниуд болон иргэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуу­лийн 12 дугаар зүйлийн 1, 6 дахь заалтыг зөрчдөг. Тод­руулбал, “Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малт­мал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хяз­­гаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр бай­галийн төлөв байдлыг өөрч­­­лөх”, “Хөрс, ус, агаар бо­­хир­дуулах аливаа үйл ажил­­лагаа явуулах”, “Нуур, мөрөн, гол горхи, бу­лаг, шанд ил задгай усыг үйлд­вэр­лэлийн зориулалтаар ашиг­­­лах” гэсэн заалтуудыг зөрчдөг байна.

Харамсалтай нь эдгээр барилгын компани энэ заал­туудыг зөрчөөгүй гэх шалтаг, шалтгаан даанч алга.

Тухайлбал, Тусгай хам­гаа­лалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Ая­лагч зөвшөөрөл бүхий бу­­­­сад хүн түр буудаллах, отог­­­­­­лох, ажиглалт судал­гаа шинжилгээ хийх зориу­лал­таар зохих журмын дагуу барь­сан орон байрыг ашиг­лана” гэж заасан бай­даг. Тэг­­вэл өдгөө нөхцөл байдал Мон­голд ийм хууль, заалт байдаг тухай үнэр ч байхгүй мэт. “Жигүүр гранд”-ын “Зайсан Лакшери”, эсвэл тэр “Хунгийн хотхон”-ыг түр буудаллах, отоглох, эсвэл су­далгаа шинжилгээний зо­риулалтаар барьсан гэвэл түүн шиг худал зүйл үгүй.

Уг нь хуулийг аливаа бу­­сармаг үйлдэл, үйл ажил­лагааг таслан зогсоож, нийг­­мийг цэвэр байлгахыг зорь­сон харилцааг зохицуу­лах гэж гаргадаг бус уу. Тийм ч уч­раас жирийн иргэн, сайд дарга, хэнбугай ч хуулийг дагаж мөрдөх ёстой. Гэвч ба­рилгын компаниудын, хүн­­дэтгэн өргөмжлөвөөс бү­­­­­­­­­тээн байгуулагчдын бул­хай, бусармаг явдал хэ­рээс хэтэрсэн бөгөөд үүнийг хя­­­­­нах, шалгах, тас­лан зог­соох, эрхийг нь ч хасах үүрэг­тэй холбогдох ал­ба­ны­­­­хан анзаарахгүй мэт яв­саар өдий хүрсэн. Эсвэл тэд барилгын томчуудтай ил далд сүлбэлдэж, хууль зөрч­­сөн гэмт үйлдлийг нь хаа­­цайлсаар байдаг уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Харин энэ бүгдийг харж, дүг­нэлт хийж, боломжийнхоо хэ­рээр тэмцдэг нь жирийн иргэд болон хэвлэл мэ­дээл­лийнхэн.

Зайсанд баячуудын хүүх­дүүдийн сурдаг сургууль, үйлчлүүлдэг дэлгүүр гээд хэл хугалмаар олон янзын нэр­шилтэй хороолол сүндэр­лэсээр байна. Дэлгүү­рийнх нь барааны үнэ хотын тө­вийнхийг бодвол хавьгүй өндөр, аргагүй л баячууд Зай­­санд амьдардаг даа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.

Тэнд нийт 146 иргэн, аж ахуйн нэгж аялал жуулч­лалын зориулалтаар хэмээн газар эзэмших эрх авчээ. Харин МХЕГ-аас, ав­сан газ­раа хууль бу­­саар эдэлж байна гэсэн үн­дэс­лэлээр ер­дөө 26-гийнх нь эрхийг цу­цалсан байна. Түүнч­лэн бай­галь экологид хо­­хирол уч­руулсан гэх ак­тыг 36 аж ахуйн нэгжид тог­тоогоод буй юм. Гэхдээ хэн гэгчийн мэдэл дэх тусгай зөвшөөрлийг цу­цалснаа ал­ба­ныхан бас л нууна.

Бас заавал ч үгүй ал­ба­ны акт тогтоож, хяналт су­­­далгаа явуулан байж цуц­­­­­лах шаардлагагүй зөв­шөөр­­­­лүүд байна. Нэг үгээр эзэм­­шигчийнх нь увай­гүй үйлд­лүүд олны нүдэнд хэ­тэрхий ил байдаг компани, байгууллагынх гэсэн үг.

Тухайлбал, иргэдийн дунд “Зайсангийн эзэн сав­даг” гэгдэх болсон “Жи­гүүр гранд” группийн ерөн­­хийлөгч Д.Баттөр энэ аманд орд харшийг өндөр на­маар нь өнгө алаглуулан барьсан. Гоёмсог, чанартай барилга барьдаг гэх ч хий­сэн хууль бус үйлдэл нь бү­тээснээсээ их. Тэр ч бүү хэл Зай­санд амьдардаг хүмүүст халдварт шар өвчин хүртэл тараасан гэдэг нь батлагдсан билээ. Тэгсэн хэр нь тэднийх өнөөг хүр­тэл барилгуудыг да­раа­луу­лан босгож, шав тавь­саар байгаа нь “но”-той. Энэ талаар иргэд, оршин сууг­­чид Богдхан уулын хам­гаалалтын захиргаа, МХЕГ-т удаа дараа өргөдөл гаргасан ч “Илжигний чи­хэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хий­­сэн ч сэгсэрнэ” гэдэг шиг нүдэн балай, чихэн дү­лий царайлсаар байна. Ту­­хайл­бал, өнгөрсөн онд тус компани дэлхийд үнэт өвөө­рөө бүртгэгдсэн Богдын му­зейн үзмэрүүдийг нь хэд­хэн секундын до­­тор юу ч үгүй болгосон атал өдий хүр­­тэл зохих газрууд нь арга хэмжээ аваагүй л бай­гаа. Энэ нь мөнгөтэй хүн юу ч хийж болдгийг ха­руул­­сан тод жишээ. Бид цаа­­­шид “Жигүүр гранд” ком­­пани Зайсанд хууль бу­­саар хэрхэн газар авч байгаа та­лаар баримттайгаар хүргэх болно.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template