Цөмийн оршуулгын тухай сөхвөл…

Цөмийн оршуулгын тухай сөхвөл…

Монголд цөмийн хаягдал булшлах нь ээ гэсэн яриа чих дэлсэх болсон нь дөнгөж саяхных биш. Бор шувууны энэхүү жиргээг Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат битүүхэн жил хүрэхгүйн өмнө баталсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газраас лавлаад юу ч олж сонсоогүй. Тэгээд олон улсын чуулганы индэр дээрээс Монголд цөмийн хог хаягдал булшлах явдлыг хэзээ ч гаргуулахгүй гэж хатуу мэдэгдсэн билээ. Сая Ерөнхий сайд С.Батболд ийм асуудал байхгүй гэлээ. Гэхдээ “Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав” гэсэн үг байдаг.
Шинэ зууны босгыг даваад удаагүй байхад Ерөнхийлөгч Н.Багабанди Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд цөмийн комиссынхныг хүлээн авч уулзахдаа, цөмийн хаягдал манайд далд бизнесийн хэлбэрээр орж ирсэн юм биш үү гэж асуухад мэргэжлийн дээрх байгууллагын хүмүүс үгүй гэх газаргүй хэмээн хариулсан байна. Тэр үед гааль, цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгчид цацраг идэвхт хаягдал бүхий цөмийн шаартай чингэлгүүд Замын-Үүд боомтоор орж ирсэн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгчээ. Тагнуул, гааль, хууль хяналтын байгууллагууд Цөмийн энергийн комисстой хамтарч газар дээр нь шалгалт хийхэд лац нь сэвтээгүй чингэлгүүд хов хоосон байжээ. Учир мэдэх албаны хүмүүсийн ярианаас энэ бол хоосон жүжиг байгаагүй бололтой. Спирт байгаагүйг нь тогтоосон чингэлгүүдийг холоос хоосон ачуулаагүй нь мэдээж. Энэ мэт өнөө хэр чих дэлссэн цөөнгүй ярианы учир начир олдоогүй байна. Төрийн өмчийн хорооны төсөл дээр ажиллаж байсан АНУ-ын нэгэн мэргэжилтэн нутаг буцахынхаа өмнө УИХ-ын нэгэн эрхмээс Монголд цөмийн үйлдвэрлэлийн шаар булшилъя гэвэл танай ард түмэн юу гэх бол хэмээн тандаж байсан гэдэг. Харьцангуй ажин түжин асан тэр цагт гадаадынхан Цөмийн энергийн комиссынхонд нэг чингэлэг шаарыг 20 сая ам.доллараар булъя гэсэн саналыг удаа дараа тавьж байсныг сонин хэвлэлээр ч сөхөж байлаа.
Ялангуяа М.Энхсайханы Засгийн газрын үед цацрагийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаадын 100 гаруй мэргэжилтэн эрдэм шинжилгээний удаан хугацааны томилолтоор манай улсад ажиллажээ. Мөн 1997-2000 онд Олон улсын атомын энергийн агентлагаас 7.6 сая ам.долларын санхүүжилттэй тавиад төсөл хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, тус агентлагаас 1997 оны эцсийн байдлаар 6.3 сая ам.долларын тусламж авсан гэжээ. Манай улс цөмийн гүрэн биш атомын цахилгаан станц ч байхгүй. Улсын хэмжээнд 900 шахам цацраг идэвхт үүсгэвэр болон 300 гаруй рентген аппарат ашигладаг жижиг оронд цөмийн зэвсэг бүхий орны атомын энергийн мэргэжилтнүүд ойр ойрхон ирж, сая сая долларын төсөл хэрэгжүүлээд буцдаг байсныг бид бүр хожим анзаарсан. Тэд манайд мэргэжил дээшлүүлж, бас манайханд мэргэжил эзэмшүүлсэн гэвэл худал. Цацрагийн аюулгүй байдлыг хангах төсөл, тусламж нэрийн дор гадаадаас хэдийнэ оруулсан 13,9 сая ам.долларын цаадах болзол өдгөө ямар уршиг дагуулах гээд буйг яахан тааварлах билээ.
Нэгэнт хэдэн үеэрээ идэх хөрөнгө мөнгө дагалдаж орж ирэх юм бол хуулиар зохицуулаад авчих хэрэгтэй, аль эсвэл бүрмөсөн хориглох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагын зарим нэгэн муйхарлаж байхад хоёр бүрэн эрхийн хугацааны өмнөх УИХ-ын зарим гишүүн цөмийн шаар оруулж ирэх юм бол хоёрын хооронд бага биш, бүр дэлхийг айлгах хэмжээнд ихийг авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол дахь цацраг идэвхт бодисыг булшилсан эмзэг цэг рүү гаднын хүч заналхийлэхэд ганц Монгол биш, дэлхий сөнөх хэмжээнд бараг барьцаалж байх хэрэгтэй гэсэн тоглоом, шоглоом нь мэдэгдэхгүй атгаг санааг ч цухалзуулж байж. Цөмийн шаарыг өөрийнхөө нутаг дэвсгэр дээр булшлах нь байтугай дамжин өнгөрүүлэхийг орон орны ард түмэн эсэргүүцэж ирсэн. Энэ утгаараа Монголын эрх мэдэлтнүүд харийнхантай хуйвалдсан ч, эс хуйвалдсан ч цөмийн шаарыг Монголд нэвтрүүлэх зам их бүрхэг. Магадгүй цөмийн шаарыг хэдэн давхар торхолж зориулалтын дагуу булшилсан ч зуун жилийн дараа тал хувь нь, дахин мөн хугацаанд 25 хувь нь гэхчилэн урвалд орж, агаарт дэгддэг гэсэн бичигдээгүй хуулийг цөмийн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Энэ онолоор цөмийн шаар булшилсан тухайн орчны амьд эд эс бүхэнд цацраг идэвхт хорт үүсгэврүүд тогтож, эцсийн үр дүн нь ердөө л Чернобылийнх шиг чимээгүй үхэл нүүрлэдэг байна.
Украины Чернобылийн АЦС-ын сүйрлийн шалтгааныг тогтоох комисст цөмийн физикийн доктор Н.Содном гуай биеэр оролцсон хүн. Тэр аймшигт осол атомын энергийн буруугаас болж гараагүй, Харин технологийн горим, аюулгүй ажиллагааны хууль дүрмийг сахиж чадаагүйгээс болсон. Тэгээд ч хариуцлага алдсан бүх хүн амь үрэгджээ. Осолгүй, аюулгүй техник, технологи гэж хаа ч байдаггүй. 1970 онд Америкт атомын станц дэлбэрч аюултай том осол гарсан. Америкууд анх тэр станцыг байгуулахдаа зузаан хучилттай цементэн хавтан, хамгаалалтын байгууламж барьж байхад оросууд шоолж байсан гэдэг. Үнэн хэрэгтээ үүний ард мөнгө санхүүгийн дутагдал байснаас Чернобыльд тэр хамгаалалтыг хийгээгүй хэрэг. Түүнээс болоод задгай огторгуйд дэлбэрэлт болж, хор уршгийг нь амсахад хүрсэн юм.
Цөмийн зэвсэг үйлдвэрлэгч орнууд цацраг идэвхт хаягдал буюу шаараа том том торхоор савлан хэдэн мянган бээрийн тэртээх далайн ёроолд хаядаг аргаа өөрчлөн ядуу буурай орныг сонирхох болсоор удаж байна. Энэ чиглэлээр Монголын говийг санаархаж байсан баримт бий. Засгийн газрын харьяа Цөмийн энергийн комиссоос 1999 оны гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Ерөнхий сайдад 29 тоот албан бичгийг танилцуулах хуудасны хамт илгээжээ. Уг албан тоотод манай улс Олон улсын атомын энергийн агентлагт элсч, 1996 оны сүүлийн хагасаас эхлэн “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрт цацрагийн  хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт хаягдалтай ажиллах асуудалтай холбогдсон есөн бүлэг цогц арга хэмжээ тусгасан байна. Энэ төслийн хэрэгжилтийн явцыг шалгах, зөвлөгөө өгөх ажлаар уг төслийн зохицуулагч ноён Б.Жермууни 1996-1998 онд Монголд гурван удаа ирэхдээ Ерөнхий сайд асан М.Энхсайхантай уулзаж, Засгийн газрын төвшинд энэ асуудлын талаар сайн ойлголттой болсон байна. Олон улсын атомын энергийн агентлаг болон дээрх төслийн зохицуулагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар 1997 онд “Цацрагийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай” 180 тоот, 1998 онд “Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын дэд бүтцийн тухай” 151 тоот тогтоолыг гаргажээ. Түүнээс хойш цөмийн хаягдлын асуудал Н.Энхбаярын танхимын Гадаад хэргийн сайдын өнгөнд нэг босч ирсэн төдийгүй Монголбанкны экс ерөнхийлөгчийн нэр ч хавчуулагдаж байсан билээ. Одоо зарим албан тушаалтны нэр дахин дуулдсан нь энэ сувгаар тэр аюул хаалга тогшдог ч байж магадгүй. Ямартай ч аль ч засгийн үед бай цөмийн хаягдлын асуудлаар овоо босгоогүй бол шаазгай суухгүй.
Х.Аянга
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template