УУЛ УУРХАЙН УХСАН НҮХЭНД АЛИМНЫ МОД БИШ АТОМЫН ХОГ ХАЯНА

     Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн болоод ч тэр үү, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улстөрчид өдөр шөнөгүй нэгнийгээ доромжилж, гүтгэж гүжирдэж явна.      Өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагах гэж эр хүний 13 мэхээ 76 болгон хувиргаж, түүнийгээ дээд зэргээр ашиглаж байх юм. Үндсэндээ бол яг одоогоор үнэнч шударгын бурхан Монголд байхгүй, гадаадад
томилолттой яваа гэмээр л байдалтай байна.
                    Нэгэнт шударга үнэний бурхан байхгүй, ажлаа хийхгүй байгаа юм чинь чөтгөрүүд бурхан болохоос яах билээ. Тэгэхээр УИХ-д өрсөлдөж байгаа хүн болгоны хэлсэн үг үнэн болж таарна биз дээ. Тэдний хэлсэнчлэн хөрөнгө мөнгөтэй томчууд тойргоо булаацалдаж зодолдсон нь үнэн. Зодоод ялсан каратегийн хар бүс гурван дантай нь тойрогтоо сурталчилгаагаа эхэлсэн нь үнэн. Харин ялагдсан хөх нүд, улаан хамартай нь намынхаа удирдлагуудыг авлигадаж, 28-ын жагсаалтад багтсан нь ч үнэн.
                   Мэдээж тэдний ирэх дөрвөн жилд хийж бүтээхээр амласан гэрэлт ирээдүй бүхэн нь үнэн. Иргэн бүрийн сарын цалин сая төгрөгт хүрч, нийслэлчүүд утаагүй, түгжрэлгүй жаргахын зэрэгцээ айл өрх бүр дулаан орон сууцаар хангагдах нь гарцаагүй үнэн. Аж үйлдвэрийн паркууд баригдан, хотуудын хооронд хурдан галт тэрэг давхилдаж, уул уурхайн ордууд байгальд ээлтэй болж, ухсан нүхэндээ алимны мод тарьцгаахад монгол хүн эх орондоо хаан шиг амьдрах нь үнэн. Энэ бүхэн гарцаагүй хэрэгжих нь үнэн.
                   Ийм л сайхан ирээдүйг өнөөгийн үнэнч шударгын бурхад зарлан тунхаглаж байгаа юм чинь итгэхгүй гээд яах юм. Гэхдээ цалин сая төгрөгт хүрлээ ч махны үнэ кг нь 50 мянган төгрөгт хүрч, шуудай цагаан будаагаа монголчууд 100 мянган төгрөгөөр авдаг болно. Ингээд зогсохгүй уул уурхайн ухсан нүхэнд алимны мод биш атомын хог хаяна гэж муу амлах, муухай хэлтэй нь бас таарах юм. Хэрэв “хар хэлтэй” бурхдыг сонгохгүй бол дахин “долдугаар сарын 1”-ийг эхлүүлж, төрийн эрхийг хүчээр авна гэж сүрдүүлцгээх юм. Ямар бурхнаа шүтэхээ ухаант ард минь хэнээр ч заалгахгүй нь лавтай.
                                                                                         
                                                                             Нийтлэлийг Админ Х.Маргад-Эрдэнэ
                                                                           
Манай Марагаа ч Сүрхий бичих юм аа энэ эрчээрээ явбал манай сайтыг сонирхогчийн тоо эрс нэмэгдэх биз ээ.    Оруулсан Ж.Дагийраз
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template