УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай хийсэн ярилцлага

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай хийсэн ярилцлага


-Бидний амьдралыг харахад гоё л доо. Үнэтэй үнэтэй машин хөлөглөсөн хүмүүс. Зам нь түгжрээстэй. Нэг их ганган дэгжин улс. Ажил байдаггүй ээ. Харин таны нүдээр харвал...

-Монголчууд их нэрэлхүү хүмүүс. Хоолгүй байсан ч машиндаа шатахуун хийж, шинэ хувцсаар гангарна. Дотроос нь ажвал: Ихэнх иргэдийн амьжиргааны түвшин 0 рүү доошилж, цөөнхийнх нь 100 давлаа. Дундаж түвшин гэж байхгүйтэй адил болов. Төр засаг бодлогоор дэмжихгүй болохоор унахгүй ч яах вэ дээ. Дэмжиж байна гээд мөнгө өгөхөөр идэж уухгүй яах юм. Халаас хоосон юм чинь. Одоо доод түвшинг дундажид, дунджийг дээд түвшинд хүргэх үе шаттай бүтээлч хөтөлбөр хэрэгтэй. Сайн ажиллавал 4 жилд хийчих л ажил.


-ЖДҮ (Жижиг дунд үйлдвэрлэл) нэг их сайн хөгжихгүй юм. Зээл олдохгүй. Хүү нь өндөр. Яавал дээр вэ?

-Уг нь арилжааны банкууд дээр байгаа жижиг сайн зээлийг Засгийн газар худалдаж аваад: Та нар цаашаа яг ийм жижиг бизнесийг санхүүжүүлээрэй гэх ёстой. Гэтэл Засгийн газар өөрөө сан байгуулаад зээлээ өгөх болохоор бөөн ар өврийн хаалга, танил тал ах дүүс гээд явчихдаг. Жирийн бүтээлч иргэнд юу ч олдохгүй. Жишээ нь: 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийг хар л даа. Ийм байдлаар ажилладаг сан Засгийн газарт 32 бий. Засгийн газар жижиглэнгийн зах зээл дээр ажиллах ёсгүй. Жижиглэнгийн зах дээр ажиллахаар л бөөн авилгал гараад байгаа юм.


-Хөнгөлөлттэй, төслийн зээл тусламжийг мөн ч их хүртэж байна даа. Ирэх 4 жилд дахиад л авах байх даа.

-Зээл тусламж гэдэг бол үнэндээ зээл тусламж биш шүү дээ. Хөнгөлөлттэй гэсэн мөртлөө хамгийн хөнгөлөлтгүй. Тухайлбал: Цэвэр ус авья гэтэл мөнгө байдаггүй. Хүнээс гуйвал нэг цэвэр ус 10 доллар шүү гээд дуртайяа өгчихнө. Хэрэв надад мөнгө байсан бол би нэг усыг 1 доллараар авчихна. Манай бүх зээл тусламж яг иймэрхүү байгаа. Тэгэхээр бид төслийн зээл авахаа больж, санхүүгийн зээлд орох ёстой.


-Олон улсын санхүүгийн байгууллагууд бодлогын хүүгээ нэм, тэгвэл инфляци буурна гэж зөвлөдөг. Хэр зөв зөвлөмж вэ?

-Би 2000 оны үед энэ зөвлөмжид итгэж л явсан. Манайд ганцхан бодлогын хүү нэмээд инфляци буурдаггүй юм байна лээ. Эдийн засгаа хямд байлгахын тулд хүү бага байх ёстой. Ийм өлсгөлөн зах зээлд мөнгө орж ирж л байвал сайн.

-Та БЗД, Налайх дүүргийн 22 -р тойрогт нэр дэвшжээ. Сонгогчдын мэргэн сонголт л шийдэж дээ. Тэгээд таны анхаарлын төвд ямар асуудал төвлөрч байна.

-БЗД бол Оршин суугчдын нягтралын хувьд ч тэр, газар нутгийн хувьд ч тэр маш том тойрог. УИХ –д 3 суудалтай 3 хүн сонгоно. Хүн амын 30% нь орон сууцанд, 70% хувь нь гэр хороололд амьдарч, амжиргааны түвшний хувьд ихэнх нь дундаас доош гэсэн үзүүлэлттэй байна. Би чинь тоо баримтанд их итгэдэг хүн шүү дээ. Тэгэхээр яах аргагүй ’’Анхаарлын төвд хүн, түүний эрх ашиг, амжиргаа ‘’ байна. Ялангуяа нийслэлд шилжин ирэгсэд, жижиг дунд бизнес эрхлэгчид. Тэдний ажиллах, амьдрах нөхцлийг хангаад өгвөл амьжиргаа нь дундаж түвшинд хүрээд л ирнэ. Хямдхан орон сууцны хороолол барих, түүнд тохирох дэд бүтцийг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Гэр хороололд шийдэх нийгмийн асуудлууд, цэцэрлэг, сургууль барих, олон нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүргэх, халуун хүйтэн усны асуудлыг шийдэх гэх мэт хуримтлагдсан цогцоор нь шийдвэрлэх олон асуудлууд байна. Налайх байна. Олон ч жил анхаарлаас гадна байлаа даа. Дэд бүтэц сайтай, бичил уурхайтай, жижиг дунд бизнес төвлөрөх таатай орчинтой. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бараа материалыг тээвэрлэх, хадгалах, дамжуулах гол чухал ложистик төв болох боломжтой. Гэтэл 4 жил тутам сайхан амлалтад хууртсаар өдийг хүрлээ. Засаг захиргааны хувьд бие даалгаад, тэнд ЖДҮ хөгжүүлэх, байгуулах хэрэгтэй. Тэдэнд халамжийнх биш, санхүүгийн дэмжлэг үзүүлж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгөх нь зөв.

Танд баярлалаа. Амжилт хүсье
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template