Гайхамшиг дагуулах Евро-2012


Гайхамшиг дагуулах Евро-2012

-->
Бага дэлхийн аварга хэмээн зүй ёсоор нэрлэгддэг буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн хэдэн цагийн дараа эхэлнэ. Гудамж талбайд хаашаа л харна худал инээмсэглэсэн улстөрчдийн зураг, үдэш цэнхэр дэлгэцээр “урилгагүй” зочилсон уйтгартай ярианаас залхсан залуусын хоног мөч тоолон хүсэн хүлээсэн цаг ирлээ.

Монголчууд ч төдийгүй хөлбөмбөгийн хорхойтон хүн бүхний хүсэн хүлээсэн Европын аварга олон гайхамшиг, олон таавар дагуулан эхлэх нь.
Уламжлал ёсоор тэмцээнийг зохион байгуулагч эзэн орны тоглолтоор Евро 2012 өнөө шөнө эхлэх билээ. Польшийн шигшээ Улаанбаатарын цагаар 00.00 цагаас нийслэл Варшав хотноо европын аваргаар нэгэнтээ тодорсон Грекийн шигшээтэй тоглоно. Удаад нь 02.45-аас А хэсгийн нөгөө хоёр баг болох ОХУ, Чехийн шигшээ “тулгарна”.
1960 оноос эхлэн 14 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Европын аваргын энэ удаагийн онцлог нь Төв ба Зүүн Европын хоёр оронд нэгэн зэрэг болохоороо онцлог. Түүхэн дэх тоо баримтаас нэхэн дурдвал Европын аваргад германчууд гурвантаа түрүүлснээрээ толгой цохьдог.
Герман машин 1972, 1980 онд аваргалж хамгийн сүүлд 1996 онд Чехийн шигшээг буулган авч түрүүлж байлаа. Тэгвэл тивдээ германчуудын дараах амжилтаараа испани болон францчууд тус бүр хоёр түрүүлснээрээ бичигддэг. Испанийн шигшээ тэртээх 1964 онд тэр үеийн ЗХУ-ын хүчирхэг шигшээг ялж аваргалсан бол 2008 онд мөн түрүүлж хамгийн отгон аваргаар тодроод буй.
Францын шигшээгийн хувьд 1984, 2000 онуудад тус тус түрүүлсэн түүхтэй. Дээр дурдсан гурван улсын шигшээгийн хувьд Францыг эс тооцвол Герман, Испанийг түрүүлэх хамгийн өндөр боломжтойд тооцож байна.  Мөн хойш европын томоохон клубуудэд амжилттай тоглож буй тоглогчдоор шигшээгээ бүрдүүлсэн Францын шигшээ алдарт Зинедин Зиданаас хойш бичигдсэн муу амжилтаа баллах итгэлийг хөгжөөн дэмжигчдэдээ хангалттай төрүүлэхүйц байгаа. Тиймээс тэднийг ямартай ч хэсгээсээ шалгарна гэдэгт итгэлтэй байна.
1968 оны тивийн аваргаар тодорсон Италийн шигшээ энэ удаад хоёр дахиа түрүүлдэггүй юм гэхэд дээгүүр давхих боломжтой. Багийнхаа эв нэгдлийг Сезар Пранделли хангаж чадвал тэд аль ч улсын шигшээтэй эн тэнцүү тоглож чадна.
Тус тивийн хөлбөмбөгийн хүчирхэг таван гүрний дотроос Гурван арслангийн шигшээ л огт түрүүлж үзээгүй. Энэхүү бараан амжилтыг өнгөлж Английн шигшээг энэ жил түрүүлэх магадлалтай орнуудын тоонд зүй ёсоор оруулж буй. Гэсэн ч ээлж дараалсан бэртлүүд англичуудын санааг зовоосоор байгаа. Залуусаар ид сэлбэгдэж яваа Английн шигшээгийн шинэ өнгө төрхийг бид энэ тоглолтоос л харах болно. Франц, Швед, Укриантай D хэсэгт учраа таарсан тэдний хувьд Шведийг аргалчихвал Францтай хэсгээсээ урд хойноо орон гарах бүрэн боломжтой хэмээн хөлбөмбөгийн шинжээчид үзэж байна.
Евро 2012-ын хамгийн зөөлөн “боов”-нууд таарсан хэсгээр А хэсгийг нэрлэхэд та бүхэн надтай санал нэгтэй буй за. Энэ хэсэгт зохион байгуулагч орон болох Польшийн шигшээ болон 2004 онд шуугиантайгаар тивийн аварга болсон Грекийн шигшээ, сүүлийн үед өнгөлөг байгаа ОХУ, Чехийн шигшээ учраа таарсан юм. А хэсгээс ОХУ болон Грекийн шигшээ эз нь таарахгүй бол гарчихаж дөнгөнө.
Үхлийн хэсгээр B хэсэг зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Тэмцээнийг өнгөлөх багуудын нэрст дурдагдах  Герман, Голланд, Португалийн шигшээ болон 1992 оны Европын аварга Данийн шигшээ үхлийн хэсэгт хүч үзнэ.  Германчууд хэсгээсээ гарчихлаа гэхэд Португали, Голландын аль нэгийг хасах нь даанч “хайран”. Мөн Данийн шигшээ ч бусаддаа хатуухан бэлэг барихыг үгүйсгэх аргагүй. Тиймээс энэ хэсэгт нүд хальтирмаар халуухан тулаанууд өрнөх нь тодорхой.
С хэсэгт тив, дэлхийн аварга, өнөө цагийн хамгийн хүчирхэг шигшээ Испанитай таарсан азгүйтнүүд багтаж байна. Ирланд, Хорватыг энэ удаад хасаад италичуудыг хэсгийн номер хоёроор нэрлэхэд гэмгүй. Үүнээс харахад хэсгийн тоглолтууд дуусахад ямартай ч бид Испани, Итали, Герман, Англи, Францын шигшээ багийг хойд хөршийн шигшээтэйгээ хамт харах бололтой. Эх нутгийн тэнгэр сайн ивээвэл тэдэн дээр Польшийн шигшээ ч нэмэгдэх нигууртай аж.
Ийнхүү олон таамаг тааврын араас гайхамшиг дагуулж түүх бүтээх Евро 2012 хэдхэн цагийн дараа эхлэх нь ээ.
О.Нар

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template