Ч.Уранхолбоо: Нэгэн нууцлаг хүн надад өдөр бүр 99 сарнай илгээж байсан

-Саяхан эх үрсийн баяр болж өнгөрлөө. Өөрийн тань хувьд хүүхэд багачуудын элч дуучин нь болохоор тун завгүй байлаа? -Өнгөрсөн сарын сүүлээр гадагшаа явчихаад ирчихсэн. Ирэнгүүтээ Дэлхийн зөнгөөс жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд оролцсон. Энэ жилийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн найрамдал зусланд 1000-н хүүхдийг баярлуулсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээнд дөрөв дэх жилдээ оролцож байна. Дэлхийн зөн ТББ-тай хамтарч ажиллаад дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Тус байгууллагатай хамтын ажиллагаа маань “Хөөрхөн дэлхий” ТББ нь анхны төсөл байсан. “Хөөрхөн дэлхий”, “Хүүхэд хөгжил хотхон” нэртэй төслүүд байсан. Атрын сангийн аж ахуйд очиж гэр бүлийнхээ хүрээнд хүүхдүүдийг баяруулсан. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийг баярлуулсан. Бидний очсон цэцэрлэг нь хүүхдэд амьдралын ухааныг зааж сургадаг цэцэрлэг байсан.

Хүүхдийн сайн сайхан зүйл хийхдээ санхүү, мөнгө, ашиг харж хийхээс илүүтэй сайн санааны үүднээс оролцох ёстой гэдэг байр суурьтай явдаг. Энэ намраас сургуульд сурах төлөвлөгөөтэй байна. Тийм учраас суралцах сургуультайгаа мөн зав гаргаж танилцаад ирсэн. -“Хөөрхөн дэлхий” ТББ-ын үйл ажиллагаагаа өргөтөн сургалтууд явуулж байгаа? -“Хөөрхөн дэлхий” ТББ-ын тоглоомын төв маань одоохондоо үйл ажиллагаа нь түр зогссон. Гэхдээ бид өөрсдийн байртай болж сургалтуудаа хэвийн явуулж байна. Мөн балетын сургууль байгуулах зорилготой байна. Хүүхдүүд гэлтгүй ээжүүдэд сонгодог орчин бүрдүүлж өгөх нь ч зөв юм байна гэж бодож дан ганц хүүхэд багачууд гэлтгүй ээжүүд нь бас суралцах боломжийг бүрдүүлэх шаардлагатай юм байна гэж бодож байна. -Урлагийнхан хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болжээ? -Энэ чиглэлээр ажлууд хийх нь зөв гэж боддог. Харин ч бид харьцангуй хожуу хүмүүнлэгийн ажилд оролцож байна. 2006 онд анх “Хөөрхөн дэлхий” ТББ нээж байхад хүүхдийн төлөө ажилладаг хүмүүс ховор юм шиг санагдаж байсан. Хүмүүнлэгийн ажил нь сайн санааны мөн хариу нэхээгүй үйл байдаг. Миний хувьд хүүхдийн төлөө ажил хийгээд энэ ажлаасаа ашиг харж байгаагүй. “Хөөрхөн дэлхий” төвийг байгуулснаараа үр дүн нь мэдэгдсэн. Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд оюуны болон соёлын хөрөнгө оруулалтыг хийе гэсэн ажил маань өргөжин тэлэх боломжийг олгосон. Хүүхдийн ажил хийх орон зай байгаа юм байна, хүүхэд багачуудад хөгжмийн боловсрол хэрэгтэй гэдгийг мэдэрсэн. Мөн бага насны хүүхдүүд хөгжмийн боловсролоор дамжуулан уян зөөлөн оюунлаг ирээдүйдээ тэмүүлэх хүсэл зорилготой хүн болж төлөвшихөд нөлөөлөх юм. Шинэ үеийн иргэдийг бэлтгэхдээ тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй. Түүнээс биш тоо бодуулаад л байх биш, хөгжимлөг хүмүүсийг бэлдэх ёстой юм болов уу. “Хөөрхөн дэлхий” ТББ-ыг байгуулснаар хүүхдийн элч дуучин болсон. Мөн хорин мянган өнчин ядуу хүүхдүүдэд хүрч ажилласнаараа “Дэлхийн зөн” ОУБ-аас надад хүүхдэд ээлтэй дуучин хэмээх эрхэм нэрийг өгсөнд би баяртай байдаг. Мөн хүмүүнлэгийн үйлсийг дагаад өөрийнхөө оршин тогтнох үндсийг бий болгосон доо. Хүмүүнлэгийн ажил хийж байх ёстой. Одоо хийж байгаагаасаа илүү өргөн хүрээнд хийх нь зөв юм байна гэж бодсон. Нийгмийн халамж хүрч чадахгүй байгаа хүмүүст сайн дурын хариу нэхээгүй тусыг хүргэж байя. Энэ ажлыг уран бүтээлчид л түрүүлж хийх нь зөв юм байна. -Өөрийн тань хувьд “Гала” хамтлагийг анх байгуулаад ахлагчаар нь ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Эргээд хамтлагийнхаа талаар дурсвал? -“Гала” хамтлагийн хувьд анх охидын хамтлагийн орон зайг дөрвөн жилийн хугацаанд зүтгэж, хөдөлмөрлөж хоёр бүрэн хэмжээний тоглолт, хоёр удаа орон нутгаар тоглолт хийж байлаа. “Гала” хамтлаг хамгийн богино хугацаанд цомог гаргасан. Хамгийн олон үзэгчидтэй тоглолтыг хийж байсан, монголын шилдэг хамтлагууд болох Камертон, Номин талст хамтлагийн ах нартайгаа мөр зэрэгцэн явж байхдаа жилийн хугацаанд энэхүү амжилтад хүрч байв. Бид хоёр мөрөөдөл хүслийнхээ төлөө хөдөлмөрлөөд арван зургаахан настай охидууд л анх рок попод хөл тавьж байсан шүү дээ. Хүн мөрөөдөлтэй бас хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч болдог юм байна гэдгийг мэдэрсэн. 16-17 настай охидууд хоногт дөрөвхөн цаг унтаад бусад цагт нь ажиллаж өөрсдийгөө бэлдэж хүмүүжүүлж байсан гэдэг утгаараа идэвх зүтгэлтэй амьдарч байсан цаг үе, он жилүүд өнгөрсөн байна. “Гала” хамтлагаас би их том зүйлийг олж авсан гэж боддог. Энэ юу гэвэл нийгэмд өөрийгөө тодорхойлох, ямар түвшинд явж байгаа, хувь хүн биеэ хэрхэн авч явах вэ, зан харилцааны хувьд урлагийн хүн ямар байх ёстой зэргийг тэр үед л мэдэж авсан. “Гала” хамтлагаар дамжуулан хүмүүс намайг мэддэг болсон. Гала гэдэг нэрийг өөрөө өгч байлаа. Хамтлагийнхаа нэрэнд хайртай. Болороогийн хувьд арван жилийн нөхөрлөлийг надад мэдрүүлсэн. Найз гэдэг ямар байдаг юм бэ, найз хүнээс юу ухаарч ойлгож авдаг вэ гэдгийг найзаасаа мэдэрсэн. Хүний амьдралд цаг хугацааны эргэлт гэж байдаг. Хамтлаг тарсан шалтгааныг олон хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгож мөнгөнөөс боллоо ч гэх юм уу эвгүй яриа гарч байсан. Эхнэр нөхрийн хооронд, найз нөхөд хайртай хосуудын дунд ч гэсэн маргаан үл ойлголцол гардаг. Хамтлаг тарах үед бага зэргийн үл ойлголцол гарсан. Тэр зүйл нь юу гэвэл бид хоёртой хамтарч ажилладаг “Эрхэт монгол” групптэй хийсэн гэрээ дууссан. Тэр үед цаашид хамтлагаа аваад явах уу, эсхүл хувийн амьдралаа хөөх үү гэдгийг шийдвэрлэх цаг ирсэн. Яг энэ үеэр дөрвөн жилийн амьдралаа зориулсан олон хүмүүсийн сэтгэлийг хүлээж авсан үе байсан. тэр хүмүүсийг орхиход хэцүү байсан. Миний хувьд үргэлжлүүлэх саналыг тавьсан. Харин Болороо маань эргэлзэж байсан. Энэхүү эргэлзээн дээр үл ойлголцол үүссэн. Миний хувьд цаашид уран бүтээлээ үргэлжлүүлэхээр болж Болороо маань хувийн амьдралдаа цаг гаргаж цаашид сурах бодолтой байсан. Эргээд харахад Болороогийн хувьд зөв сонголт хийсэн. Эмэгтэй хүний амьдрал гэрлэлтээр төгс болдог. Төгс амьдралыг мэдрээд явж байгаа төгс сайхан эмэгтэй учраас би тэр хүнийг зөв сонголт хийсэн гэж боддог. Гэхдээ хүмүүс өөр өөр байдагчлан миний хувьд төгс амьдрал гэдэг нь эрүүл байх, залуу сайхан байх, өөрийгөө сургах боловсролдоо анхаарах гэж ойлгодог. Миний цусанд уран бүтээл хийх итгэл тэмүүлэл байдаг учраас би энэ бүхнийхээ ард нь гарч байж илүү сайхан амьдралыг мэдэрдэг. Одоо бол цаг хугацааг ардаа орхисон учраас төвийн суурьнаас жинхэнэ үнэнийг ярих цаг нь болсон гэж бодож байна. Ийм зүйлүүд болж өнгөрсөн юм шүү уншигчид минь зөвөөр ойлгоорой гэж хэлье. -Эргээд бодоход “Гала” хамтлаг өнөөдөр байсан бол ямар хэмжээнд хүрчихсэн байгаа бол гэж боддог уу? -Бид хоёрт ярьсан, бодсон хүсэл мөрөөдөл байсан. Тэр хүссэн зүйлдээ хүрчихсэн байх байсан болов уу. Монголдоо төдийгүй Азид нэртэй охидын хамтлаг болох байсан. Охидын хамтлаг оршин тогтноход хэцүү асуудлууд зөндөө байдаг. “Гала” хамтлагийн ард нилээн том баг ажиллаж байсан. Тэр баг манай хамтлагийг нэрд гарахад нөлөөлсөн. Анх Уранхолбоо гэж хүн арван жилийн сургуулиа төгсөж байхдаа бүрэг ичимхий охин байсан бол “Гала” хамтлагт орсноороо энэ байдлаа эвдэж чадсан. -Дуучин болоогүй байсан бол ямар мэргэжлийн хүн болох байсан бол? -Эмч болох байсан. Химийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд сурдаг байсан. Гэнэт л энэ дуучин болох замыг сонгосон доо. Төлөв даруу эмэгтэйлэг охиныг тайзан дээр гаргаад улаан ягаан үстэй Ану болгож хувиргахад маш их цаг хугацааг өөрчилж үүнээс хойш өнөөдрийн Ану болоход тодорхой цаг хугацааг зарцуулжээ. Өөртөө олж авсан хөрөнгө оруулалт маань оюун санаанд орсон өөрчлөлт юм. Бусдыг хайрладаг, уучилдаг, бусдын төлөө ажиллаж, амьдарч чаддаг болсон өөрийн эрх ашгийг бодохоос илүү байгууллага удирдаж явж байгаагийн хувьд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрх ашиг нийгмийн халамж даатгал тэр болгон дээр анхаарч ажиллаж байна. Ингээд бодохоор би зүрх сэтгэлдээ өөрчлөлтийг бий болгож чадсан. Өөрийнхөө амьдарч байгаа амьдралаа утга учиртай амьдрал гэж боддог. “Гала” хамтлаг тарж би бүх зүйлийг тэгээс эхэлж байлаа. Миний ээж аав хоёр маань төрийн албанд ажилладаг. Тийм л айлын охин. Түүнээс биш хүн бүрийг төрөхөд энэ чиний хөрөнгө шүү гэж бэлдчихсэн байдаггүй. Урлагт зүтгээд долоон жил болж бас “Хөөрхөн дэлхий” ТББ-ыг байгуулж “Дэлхийн зөн” ОУБ-тай хамтраад хорин мянган хүүхдийн төсөл хэрэгжүүлсэн байна. Мөн өөрийн гэсэн бизнесийг эхлүүлээд явж байна. Яагаад Ану гэж хүнд ийм зүйлүүд байж болохгүй гэж. Үүнтэй адилхан би өөрөө энэ бүхнийг бий болгож чадсан юм. Зарим нэг хүмүүс заавал эр хүнтэй энэ бүх зүйлийг холбож ойлгоод байдаг. Би хэзээ ч буруу замаар явж шударга бус байдлаар энэ бүхнийг олоогүй. Надад яагаад машин юм юм байж болохгүй гэж би энгийн хүмүүстэй л адилхан шүү дээ. Тэгэхэд намайг байнга хардаж энэ бүх зүйлийг эр хүнээр бэлдүүлсэн юм шигээр хардаж байдагт миний хувьд бага зэрэг эмзэглэж л явдаг. Энэ бүхнийг ямар ч буруу замаар олоогүй. Энэ бүхэн миний өөрийн маань хүчээр бий болсон зүйл шүү гэж хэлмээр байна. Намайг байнга хардаж явдаг хүмүүст би тэгж тайлбар хийгээд байдаггүй. Яагаад гэвэл би өөртөө үнэнч л байвал болох нь тэр гэж боддог. Тиймдээ ч миний гэр бүлийнхэн, ээж маань надад дүлий юм шиг сонсоогүй л юм шиг яв гэдэг. Тэр нь амар байдаг шүү. Эмээ мань сүү шиг цагаан сэтгэлтэй яваарай хэмээн захидаг байсан. Би эмээгийнхээ захисан замаар л явж байгаа. Амьдрал үргэлж дардан замаар явдаггүй шиг надад ч гэсэн сэтгэлээр унах үе бишгүй л байсан. Ихэнх эмэгтэй уран бүтээлчдийг энэ яриа байнга дагаж байдаг. Тэгвэл уншигчдадаа хандаж хэлэхэд хэн нэгэн хэн ч биш байж байгаад хэн нэгэн болоход тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин ч бахархах хэрэгтэй. Хүнийг хайрлаж чадаж байгаа хүн хүнээс ерөөл авч амьдардаг. Би нэг зүйлийг бардам хэлмээр байдаг. Би нэг ч эрэгтэй хүнтэй хамт авахуулсан зураг байдаггүй. Найз залуутай бол байсан. Гэхдээ тэр хүнээс өөр эр хүн миний амьдралд байгаагүй. Харин ч энэ тал дээр надад зориулагдсан хүнийг л би хүлээж амьдарч байна. -Хүүхэд насаа эргээд дурсвал? -Манай ээж охидууддаа их анхаарал тавьдаг. Манайх чинь гурван охинтой айл. Бид гурвын үсийг байнга сүлжиж өгдөг. Үс маань их урт байсан. Биеэ сайхан авч явах ёстой эмэгтэйлэг шинж чанартай бай гэж захина. Бүдүүлэг хараалын үг хэрэглэдэггүй. Миний найз нөхөд заримдаа чамтай найзлаад таван жил боллоо чамайг ерөөсөө хараалын үг хэрэглэж байхыг үзсэнгүй гэх найз нөхөд ч байдаг. Урлагт хайртай болох их суурийг ээж маань тавьж өгсөн. Ээж маань дагуулаад л балет сонгодог урлаг үздэг байлаа. Тэр үед хүүхэд байсан болохоор би ойлгохгүй гарч орж гүйдэг байсан. Сүүлдээ сонгодог урлагийг шимтэн үздэг болоод байнга үзээд байхаар ойлгоод дурлаад тэгж л сонгодог урлагт хайртай болсон. Ээж маань хүүхдийн ордны Ганчимэг багшийн дууны дугуйланд анх хөтлөж аваачиж байсан. Тэр үед “Гала” хамтлагийн Болороотой дугуйланд танилцаж байсан түүхтэй. Манай хамтлаг анх таван охидын бүрэлдэхүүнтэй байсан. Ингээд тэр охидоос шигшигдээд гурван охин үлдсэн. Гурван охиноос Болороо бид хоёр үлдэж байлаа. Дуучныхаа хажуугаар эрх зүйн чиглэлээр сургууль төгссөн. Энэ мэргэжлийнхээ ач тусыг одоо ч гэсэн амьдралдаа хэрэгжүүлээд, ашиглаад явж байна. Хүний амьдралд хууль ямар их чухлыг мэдсэн. Хүн бүр хуулийн дагуу ажиллаж, амьдрах хэрэгтэй. Би хөгширсөн ч хүүхдийн төлөө хийж байгаа ажлаа зогсоохгүй хийсээр байх болно. Хүүхэд гэдэг өөрөө маш сайхан амьд цэцэг тэгэхээр энэ цэцгийг ургуулж, услаж, тордож байх хэрэгтэй. -Одоогийн энэ өнцгөөс харахад хэр баргийн зүйл дээр эмзэглэхээ больсон юм шиг байдал харагдаж байна л даа. Өөртэй чинь холбоотой олон мэдээлэл гардаг? -Бурхны сургаальд ганц сайхан сургааль байдаг. Мянган худал нэг үнэнд ялагдана гэсэн үг байдаг. Мянган худал байдаг ч би өөрөө нэг үнэн байж чадвал тэр бүхэнд хариулт өгнө. Нэг үнэн байх юм бол би тэр хүмүүсийн ярианд эмзэглээд намайг ингэж ярьж байна гээд би архи тамхи хэрэглэчихье гэж хэзээ ч бодож байгаагүй. Би өөрийнхөө хийж байгаа ажлаа амьдралын дадал зуршлаа ч өөрчлөхгүй. Урлагийн хүнд байх ёстой нэг чанар бол сэтгэл зүйн дархлаа. Бие организмын дархлаа гэдэг хүнд байгалиас өгөгдсөн байдаг бол сэтгэл зүйн дархлааг хүн өөрөө бий болгодог. Тэр болгонд сэтгэлээр унаж би ийм хүн биш байхад намайг ингэж ярьж байна гэх ч юмуу сэтгэлээр унаад байх юм бол цаг алдана. Үүний оронд илүү зоригжуулаад би тийм хүн биш учраас гэсэн итгэл үнэмшилтэй байж ийш тийш гуйвдаггүй, цаг алдахгүй урагшаа хараад л алхах хэрэгтэй. Манай ээж надад хэлдэг л дээ. Миний охин бусад зүйлийг хараагүй, үзээгүй, сонсоогүй юм шигээр зөвхөн урагшаа хараад яв чих чинь дүлий юм шиг явсан ч яадаг юм. Яагаад гэвэл чи хүмүүсийн ярьж байгаа шиг хүн биш ээж нь чамдаа итгэж байхад л болоо гэж зоригжуулж байдаг учраас тэр үгэнд нь урамшиж сонсоогүй юм шиг энэ бүх ярианы хажуугаар өнгөрч чаддаг. Цаг хугацаа бүхнийг харуулна. -Хэр их шүтлэгтэй вэ? -Шүтлэгтэй. Бурхны шашин шүтдэг. Манай гэр бүлийнхэн шүтлэгтэй хүмүүс. Шүтлэггүй хүн ойд төөрсөн юм шиг. Тэгэхээр ямар нэгэн итгэл үнэмшилгүй байхгүй бол утгагүй юм шиг санагддаг. Байнга явж ном уншуулдаг. -Гоо сайхан байхын нууц нь юу вэ? - Гоо сайхандаа анхаарч байна гээд байнга гоо сайхны салонд суугаад бай гэсэн үг биш. Үнэтэй хувцас өмсөж, нүүрээ будаад явах нь гоо сайхандаа анхаарч байна гэж ойлгож болохгүй. Үнэхээр гоё хувцас өмсчихсөн царайлаг хэрнээ нүд нь гэрэлтээгүй цаанаа л гунигтай харагдаад, тийм хүмүүс бол аз жаргалтай биш. Энэ бол гоо сайхан ч биш. Дотооддоо зөрчилдөөнтэй явж байна, тэгэхээр дотоод хүнээ сайн сонсох шаардлагатай. Гоо сайхан байна гэдэг маань дотроосоо гэрэлтэж эрүүл, боловсролтой, энэ бүхэн нийлж байж гоо сайхан болно гэж боддог. Дотроо байгаа цагаан ертөнцөө нээж гэгээрүүлж өгснөөрөө дотроосоо гоо сайхнаа илэрхийлнэ. Дуу хоолой, дуу хоолойноос гарч байгаа үг хэллэг, үг хэллэгээр дамжаад үйлдлүүд амьдрал дээр чиглүүлэгдэж байдаг. Тийм учраас дотоод гоо сайхан хамгийн эрхэм нандин гоо сайхан байдаг болов уу. -Хайр гэж өөрийн чинь хувьд юу вэ. Хайрын талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач? -Саяхан нэг ном уншлаа, тэр номонд эмэгтэй хүний амьдрал гэрлэлтээр төгс болдог хэмээн бичсэн байсан. Энэ зүйлд би итгэж байгаа. Яах аргагүй эмэгтэй хүний амьдрал гэрлэлтээр төгс болдог. Би бурхнаас авсан дохионы дагуу ажиллаж байна. Хэзээ нэгэн өдөр Ану ээж болно, энэ бол эмэгтэй хүн бүрт тохиолддог зүйл. Тэр үед би сайн ээж баймаар байна. Миний уншсан номонд гэрлэлтийн эхний 2-3 жилүүдэд хүнд байдаг хэмээн бичсэн байсан. Тэгэхээр амьдралд өөрийгөө бэлдэх шаардлагатай юм байна. Энэ асуудлыг сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй гэдгийг ойлгосон.Найз залуугаасаа салах шийдврийг өөрөө гаргасан. Бид хоёрын худвьд гэрлэлтийг хөнгөн бодож байсан. Гэр бүл болоход бэлэн биш байсан учраас салсан. Найз залуутайгаа үерхээд дөрвөн жил болсон байна. Найз залуу маань миний мэдэх хамгийн сайн залуу байсан. Эр хүнийхээ хувьд шүү дээ. /инээв/ - Ямар эр хүн таалагддаг вэ? -Миний хажууд байх эр хүн надад түлхэгдэх биш намайг түлхэх эр хүн, намайг хөтлөөд алхдаг эр хүн байгаасай. Нийгэмд эзлэх байр суурь, хөрөнгө мөнгөтэй эр хүн гэхээсээ илүү дотоод хүч нь сайхан байх. Өөртэй итгэлтэй, зоригтой шийдвэр гаргах түвшний чадвартай байх. Би их эрх. /инээв/ Надтай хамт юуг ч хийж чадах чадвартай, хамгийн гол нь зоригтой, надтай хамт хүйтэн бороонд алхах, паркийн хамгийн аюултай тоглоомонд суугаад ямар ч аюултай зүйлийг хийж чадах зоригтой залуу таалагддаг. Хэн нэгнийг мэдэрч хайрламаар байна. Ирээдүйд ирэх хайрыг хүлээж авахад миний зүрх сэтгэл бэлэн байна. - Эрт амарсан үедээ ямар хоол иддэг вэ. Хоолны дэглэм барьдаг уу. Идэх дуртай хоол тань юу вэ? -Цагаан хоолыг долоо хоногт дөрвөн удаа иддэг. Бусад үед тахиа болон загасны мах хоол хүнсэндээ хэрэглэдэг. Борцтой хоолонд дуртай. Амралтаараа ээж рүүгээ утасдаад борцтой гурилтай шөл хийж байгаарай гэж захиалж байгаад л иднэ шүү дээ. Зөв хоол идэх нь хамгийн чухал. Тэр дундаа органик хоол идэхийг зорьдог. Борцтой гурилтай шөлнөөс гадна ээжийн маань хийсэн битүү хоолнууд бас их сайхан амттай байдаг. Ээждээ эрхэлж ээж аавынхаа гэрт очиж амрах дуртай. Ээждээ эрхлэх зав тэр бүр олддоггүй. -Сэтгэлээр унах үе дээ юу хийдэг вэ? -Би энгийн хүмүүстэй л адилхан. Надад баярлах үе, сэтгэлээр унах үе бишгүй л байдаг. Саяхан гэхэд би эмээгээ алдсан. Энэ явдал надад маш том цохилт болсон. Цэвэр агаарт гарах дуртай, ганцаараа ч хамаагүй өөртэйгээ ярилцах бас нэг шилдэг арга байна. Хүн өөртэйгээ ярьж бясалгал хийж байх нь эрүүл байхын үндэс суурь болдог гэж бодож явдаг. Цэвэр агаар, байгалиас эрч хүчийг авч чаддаг. Гоё байгальтай газар очиж уйтгар гунигаа мартаж чаддаг. Хээр тал, байгаль, уул ус, морыг харах дуртай. Газрын шороог хүртэл гараараа барьж мэдрэх дуртай. Ямар сайхан мэдрэмж төрдөгийг үгээр хэлж чадахгүй нь ээ. Хэн ч байсан байгаль эхийн бүтээгдэхүүн учраас газартаа л шингэдэг. Байгалиа хүндэтгэж цэвэр байлгах хэрэгтэй байна. -Ном унших дуртай юу. Ширээний ном тань юу вэ? -Ном унших дуртай, номонд хайртай. Далай ламын сонгомол бүтээлүүдийг уншиж байна. Энэ номноос хооллолт болон хэрхэн үнэн зөв шударга явах вэ гэх мэт маш олон зүйлийг мэдэрч чадна. Ном унших тэр бүр боломж олддоггүй ч зав гаргаж байж номоо уншдаг. Миний номны тоо тоогоо алдсан. - Амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг? -Бэлэг бүр утга учиртай байдаг. Хүн өдөр бүр бэлэг авч байдаг. Үүнийгээ мэддэггүй. Хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ урмын үг авч байгааг ч гэсэн бэлэг гэж боддог. Саяхан нэг сонин зүйл тохиолдсон. Сарын турш өдөр бүр 99 ширхэг сарнайг надад явуулж байсан л даа. Энэ бас их сайхан гэнэтийн бэлэг байсан юм болов уу. Гэхдээ хэн явуулж байгааг мэдээгүй ч их сайхан санагдсан. 99 ширхэг сарнай нь үүрд хамт байгаач гэсэн утгатай юм байна лээ. Тэгэхээр бэлэг бүхэн учиртай байдаг. Ном бэлгэнд авах дуртай. Э.Сувд
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template