Д.Батмөнх: Улаанбаатарт засаг захиргааны томоохон өөрчлөлт хийх цаг болсон

-Засаг даргыг иргэд шууд сонгодог, нийслэл 9 биш түүнээс цөөн дүүрэгтэй байх боломжтой-

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн XVII тойрогт АН-аас нэр дэвшигч Дондовдоржийн Батмөнхийг уншигчидтайгаа уулзуулж байна. Тэрээр 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1991 онд Октябрын районы 77 дугаар дунд сургууль, 1995 онд СЭЗДС-ийг төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. Тэрээр 1995 оноос хойш хувийн хэвшилд, тэр дундаа банк, санхүүгийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн юм. Д.Батмөнх “Голомт” банкинд тоологч, нярав, ня-бо, ерөнхий ня-бо зэрэг албыг хашиж ажлын гараагаа эхэлжээ. 1999 онд “Анод” банкийг, 2005 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг тус тус үүсгэн байгуулалцаж, дэд захирал, гүйцэтгэх захирлаар нь ажилласан байна. Мөн “Асашёорюү” сан, “B & G” группийг үүсгэн байгуулж гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар нь ажиллаж байжээ.





-Ардчилсан нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд “Хүн шиг амьдаръя-Хот шиг хөгжье” гэсэн уриа дэвшүүлэн оролцож байна. Эндээс монголчууд бид хүн шиг амьдарч чадахгүй байна уу. Хот маань ч гэсэн хот шиг хот биш үү гээд олон асуулт урган гарч байна л даа?


-Ингэж олон асуулт гарч ирж байгаа бол сайн байна. Манай Ардчилсан намын УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн уриа нь “Хүн шиг амьдаръя-Улс шиг хөгжье” гэж байгаа. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд энэ уриагаа ялигүй өөрчлөөд улс гэдгийн оронд хот гэж оруулсан. Энэ уриа анх гарахад “Хүн шиг амьдаръя гэнэ үү. Бид тэгээд нохой шиг амьдарсан юм уу” гэх мэтээр интернэтэд сэтгэгдэл бичсэн байсан. Анх сонсоход тэгж бууж мэднэ. Олон талаас нь тойруулж бодоод ухаж ойлгох юм бол маш олон зүйлд хариулт өгөх уриа гэж бодож байгаа. Хүн шиг амьдаръя гэдэг бол шууд утгаараа ойлгомжтой. Хот шиг хөгжье гэж байгаагийн учир гэвэл өнөөдөр манай Улаанбаатар ямар байгаа билээ. Хот гэдэг юу вэ гэхээр дэлхийн стандарт ярих болно. Улаанбаатар хот дэлхийн стандарт, жишигт нийцсэн байх ёстой. Нийслэл, хот гэдэг нарийн ялгаатай. Нийслэл гэдэг ойлголтын хувьд олон улсад тогтсон стандарт байдаг. Нийслэл бол тухайн улсын засаг захиргааны төв юм. Тиймээс бид нийслэл шиг хөгжье гэхээр явцуурчих гээд байсан. Хот гэхээр илүү том хүрээ хамарна. Улаанбаатар мега сити буюу хүн ам нь нэг сая давсан том хот болсон. Миний бодол бол бид хотын буюу суурин соёл иргэншилд албан ёсоор ороод дасан зохицоод явж байгаа нь ардчилсан хувьсгал ялсан он цагтай давхацдаг. Өөрөөр хэлбэл бид хотын амьдралаар амьдраад 20 жил болж байгаа.




-Улаанбаатар бол нийслэл хот. Монголын онцлогоос ч юм уу эдийн засаг, нийгэм, улс төрийн цорын ганц төв болон хөгжсөн. Энэ төвлөрлийг задалж, тэнцвэржүүлэх боломжтой юу?


-Хуучин нийгмийн үед Улаанбаатар эдийн засгийн төв гэхээсээ илүү засаг захиргааны төв байлаа. Социализмын үед бодлогоор хүн амынх нь тоог заачихсан. Хүн амд ногдох сургууль, цэцэрлэг, эмнэлэгийг хүртэл тооцон, дэлхийн стандартад нийцүүлээд явж байсан. 1990 оноос хойш зах зээлд шилжингүүт хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн нэмэгдсэн. Энэ нь ямар шалтгаантай вэ гэхээр малыг малчдад нь хувьчлаад өгчихсөн. Тэгэнгүүт хотод ажилтай, ажилгүй хүн байдагтай адил хөдөөд бас яг ийм ялгаа гарч ирсэн. Нэг хэсгийнх нь мал өсөөд мянга болоод байдаг, нөгөө хэсэг бүр малгүй болсон. Ингээд малгүй болсон хэсэг нь Улаанбаатарт амьдрахаар нүүдэллэж ирсэн. Хөдөөнөөс ирсэн хүмүүсийн амьжиргааны гол эх үүсвэр нь тухайн үед Дэнжийн мянгын зах буюу “Нарантуул” зах л байсан. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр бид дэлхий нийтийн л жишгээр дэлхийн хотууд хөгжсөн зарчмаар явж байгаагийнх. Эдийн засгийн харилцаанд ороод ирэхээр хөгжил түргэсдэг гэдгийг дээрх үйл явдал харуулсан. 1993, 1994 оны үед бүр 2000 онд ч гэсэн хүмүүс тэр бүр зоогийн газарт хоол иддэггүй байсан шүү дээ. Кафе ажиллуулахад хүн ордоггүй байсан. Би тэр үед түргэн хоолны газар ажиллуулж үзэж л байсан. Одоо харин эсрэгээрээ хотынхон гэртээ хоол идэж байна уу, үгүй юу. Хотын давуу тал бол мөнгө эргэлдэх боломж юм. Таксины жолооч ТҮЦ-т мөнгөө төлдөг. ТҮЦ-ийн худалдагч эргээд таксинд мөнгөө төлдөг. Бид цалингаа аваад дэлгүүрт орлого оруулна. Эдийн засгийн цикл ингэж үүсч байгаа. Тэгэхээр Улаанбаатар бол нийслэл хот гэхээсээ гадна Монгол Улсын эдийн засгийн төв хот болж байгаа юм.




-Нийслэл нь зөвхөн засаг захиргааны төв болж байдаг, өөр хотод эдийн засаг нь төвлөрсөн улс орон цөөнгүй бий. Ингэж чадвал Улаанбаатар олон тулгамдсан асуудлаасаа салах байх даа?


-ОХУ-ын нийслэл Москва. Харин Санкт-Петрбург хот эдийн засгийн том төв нь. Казахстан улс Астана хотыг Алма-Атагаас 1200 км газар зам татан шинээр байгуулсан. Целина горд гэж атар газар эзэмшигчдийн сууринг орчин үеийн хот болгосон. Том хот төлөвлөөд анхнаас нь асар их мөнгө хөрөнгө зарцуулсан болохоор Астана сайхан хот болсон. Гэхдээ Алма-Ата нь эдийн засгийн төв байх жишээтэй. Улаанбаатар бол эдгээр хотоос өөр. 1990 оноос хойш бид жинхэнэ утгаараа хотын амьдралд шилжээд, зах зээлийн нийгэмд унаж босч яваа. Заримынх нь бизнес шатаад, заримынх нь бүр дампуураад л. Зөв төлөвлөгөөтэй бизнес нь өргөжөөд жижиг кафетай байснаа том ресторонтай болоод л зах зээлийн зарчмаар явж байгаа. Хүн амынх нь тоо сая даваад ирэхээр хүссэн хүсээгүй бие биедээ эдийн засгийн эргэлтээр дэм болоод эхэлж байна. Түүнээс биш өнөөг хүртэл өнгөрсөн 20 жилд нийслэлийн засаг захиргаанаас иргэддээ дэм болсон зүйл бараг үгүй гэж хэлмээр байна.




-Тэгээд нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар юу хийж байсан хэрэг вэ?


-Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гээд нэг их нүсэр том бүтэц. Улам л томроод, олон байшинтай болоод байгаа. Гэтэл доор нь дүүрэг гэж бас байна. Дүүргийн Засаг дарга гэж нэг хүн суугаад, дүүргийн ИТХ гэж баахан хүн байна. Тэгээд босоо тогтолцоотой хот учир иргэн дээрээ бууж байгаа дарамт нь их. Нэг бизнес эрхлэхээр дүүргийн мэргэжлийн хяналтынхан ирээд шалгаж л байдаг, нийслэлийнх нь ч шалгаж байдаг. Дүүргийнхээ өгсөн ямар нэгэн лиценз зөвшөөрлийг нийслэлийнхэн ирээд хураагаад авчихдаг. Эндээс харахад хотын засаг захиргааны зүгээс иргэндээ хандсан таатай нөхцөл бүрдүүлэх тийм бодлого байхгүй болчихсон. Баар цэнгээний газар гээд янз бүрээр муу хэлээд л байдаг. Тэр чинь бас хэдэн хүнийг цалинжуулаад, ажлын байр бий болгоод явж л байгаа шүү дээ. Ерөөсөө бидний яваад байгаа Америкийн сонгодог ардчиллын зарчим бол төрд аль болох бага ачаалал үүрүүлж байвал тэр хүн сайн бизнесмэн. Энэ чинь сайн хэрэг л байхгүй юу. Төрөөс татаас авдаг хүн олон болоод, бүгдээрээ төсвөөс цалин авдаг болчихвол татвараа хаанаас бүрдүүлэх юм. Цалинг нь хэн өгөх вэ. Аргентиныг хар л даа. Байгалийн баялгаа бүгдийг нь зараад олсон мөнгөө ард иргэддээ тараагаад өгчихсөн. Жилийн 360 хоногийн 200 гаруй хоногт нь амардаг байсан шүү дээ. Ингээд арай гэж өөд татсан эдийн засгаа наймхан жилийн дотор байхгүй болгосон. Энэ бол Хуан Перон гэж ерөнхийлөгчийнх нь хийсэн ажил. Гэхдээ ард түмэн нь түүнд жигтэйхэн хайртай. Сайхан байсан шүү, юу ч хийгээгүй байхад цалин өгнө, тэгээд амраад л, наргиж цэнгээд байдаг гэж Хуан Пероны үеийг дурсдаг. Бид Аргентины энэ жишээг л давтах гээгүй юм бол өөрөөр сэтгэж, ажиллах хэрэгтэй.




-Наад зах нь Улаанбаатарт хот төлөвлөлтийн бодлого гэж алга гэж олон хүн шүүмжилдэг. Ийм эмх замбараагүй байдлыг үүсгэчихээд дахин төлөвлөлт хийнэ гэж яриад байгаа шүү дээ. Энэ хэр зөв бэ?


-Манай нийслэл ямар ч төлөвлөлтгүй яваад байгаа нь үнэн. Социализмын үед гаргасан гайхамшигтай төлөвлөгөө байдаг. Тэрийг нь гадныхан, тухайлбал америкууд үзээд гайхдаг юм. Ямар мундаг юм гээд л. Гэтэл харамсалтай нь тэр төлөвлөгөөгөөр ерөөсөө явсангүй. Энэ тал дээр хамгийн том алдаа нь хатуу бодлогоор явах байсан газар олголтыг замбараагүй болгож, барилгажилтыг шавааралдуулж хаячихсанд л байгаа юм. Газар олголтыг замбараагүй сул тавьж, газрын наймааг цэцэглүүллээ гэж ярьдаг. Энэ үнэн шүү дээ. Гэхдээ улирсан баларсан юмыг одоо яриад байх шаардлагагүй. Нэг сая таван зуун мянга гаруй хавтгай дөрвөлжин километр уудам нутагтай байж хүн амынх нь 70 хувь Био комбинатаас Амгалан хүртэлх 25 километр, хойд чиглэлийн зуслангаас Зайсан хүртэлх арав гаруйхан километрын доторхи тойрогт, жижигхэн газарт шавааралдчихсан. Эдийн засгийнх нь 70 хувь нь мөн л энэ жаахан орон зайд төвлөрсөн. Үндэсний аюулгүй байдлын талаас нь бодоход л нэг шөнө газар хөдлөхөд Монгол Улс чадамжгүй болно. Энэ бүгдийгээ зохицуулсан төрийн бодлого ч алга, нийслэлийн бодлого бүр алга. Энэ дээр хамгийн гол үүрэг гүйцэтгэх хүмүүс бол нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид байгаа юм.




-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч ямар эрх мэдэлтэй, үүрэг хариуцлагатай хүмүүс юм, юу хийдэг юм гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй шүү дээ. УИХ-ын гишүүдийг бол өдөр бүр телевизээр хэрэлдэхийг нь хараад, бага сага гадарлаад байдаг?


-ИТХ анх яаж үүсэн юм гэхээр Европын хотууд анх байгуулагдаж эхэлсэн үетэй холбоотой. Хоёр хүн зэрэгцэн амьдрахад байнга асуудал гарч ирнэ. Хотын замыг яахав, эсвэл миний газрыг таллачихлаа гээд маргах жишээтэй. Тэгээд тэр үеийн заншлаар буу гаргаад буудалцдаг, эсвэл зодолддог, хэн чадалтай нь дийлдэг байсан. Энэ чинь тэр хавьд оршин сууж байгаа хүмүүст түгшүүртэй биз дээ. Хажууд нь хоёр хүн буудалцаад, зодолдоод байхад яаж амар тайван суух юм. Тэгээд ярьж байгаад Сити консул байгуулъя гэж шийдсэн байдаг юм. Хотын зөвлөл гэсэн үг л дээ. Тухайн хотод амьдарч байгаа настай, туршлагатай, нэр хүндтэй хэдэн хүнийг цуглуулаад энэ дундын асуудалтай холбоотой бүхнийг та хэдээр шийдүүлж байя гэсэн хэрэг. Эндээс юу урган гарсан гэхээр тэр сонгогдсон хүмүүс өөр өөрийн ажилтай учир цуглаад нэг шийдвэр гаргадаг. Тэрийг нь хэрэгжүүлэх хүн хэрэгтэй болсон. Тэгэнгүүт нь дахиад нэг хүнийг хотын иргэдийн дундаас сонгоод хотын мээр гэж тавьсан. Ингэж өнөөгийн энэ тогтолцоо бий болсон түүхтэй. Хот ингэж Европоос л үүссэн.



Бид тэр л зарчмаар явах ёстой. Гэтэл одоо манай нийслэлийн ИТХ парламент шиг болчихсон. Одоо бүр байнгын ажиллагаатай парламент болъё гэж ярьж байна лээ. Уучлаарай, тийм юм байхгүй. Нийслэлийн ИТХ зүгээр нэг сайхан улс төрийн байгууллага болоод хэрүүл уруул хийгээд л, яг нөгөө УИХ дээр улсын төсвийг хувааж идэх гээд хэрүүл уруул болдог шиг тийм л юм болох нь байна шүү дээ. Тэгээд нөгөө улстөрчид хэдэн тийшээ харж суугаад, арай илүү суудал авсан нам нь нийслэлийн Засаг даргыг томилчихно. Тэр Засаг дарга нь нийслэлийн намын хорооны дарга болчихож байгаа юм. Тэгэхээр манай нам ч бай МАН ч бай, энэ хоёр том намын нийслэлийн том бүтцийг нь толгойлж байгаа хүн ямар заваараа нийслэлийг хөгжүүлэх юм. Ямар завандаа нийслэлийн замыг засуулах юм. Тэр чинь улс төрийн ажил хийж яваа хүн шүү дээ. Жишээ нь манай нам ялчихлаа гэхэд бид мянган гоё бодлого боловсруулан гаргаж ирээд, түүнийг нь хотын мээр хэрэгжүүлэх гэхэд нөгөө цөөнх болсон нөхөд улс төрийн бодлого гаргаж ирээд хурал хаяад гараад явчихна. Бид сайн ажил хийвэл нөгөөдүүл сонгогдохгүй биз дээ. Тэгэхээр өнөөдөр шал буруу тогтолцоо яваад байгаа юм. Тиймээс хамгийн нэгдүгээрт ярих асуудал бол хотын засаг захиргааны бүтцийг өөрчлөн, алдааг нь залруулах. Энэ хамгийн чухал. Манай нам ялсан тохиолдолд бид үүнийг хийнэ. Миний зүгээс гаргаж тавих гол асуудал энэ л байгаа юм. Тэгэхгүй бол манай нам ялсан тохиолдолд найм юм уу 12 жилийн дараа яг одоо энд байгаа нөхөд шиг идэж уугаад, хотын тендерээс хэдэн төгрөг хусчихаад, сав л хийвэл төсвөөс юм хусчих гээд байдаг болно. Тогтолцоо ийм байхад хэн ч гэсэн тэрэн рүү л орно. Тэгэхээр хамгийн түрүүнд үүнийг өөрчлөх ёстой.




-Тэгвэл засаг захиргааны тогтолцоог яаж өөрчлөх вэ?


-Үндсэн хуульд байгаа заалтыг өөрчлөх ёстой. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчилнө. Хотын мээрийг иргэд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй. Тэгэхдээ тодорхой шалгуурууд зааж өгөөд сонгоно. ИТХ нь одоогийн зарчмаараа явж болно. Намууд нэр дэвшүүлж ч болно, хувь хүн бие даан нэрээ дэвшүүлсэн ч болно. Тэгэхээр ИТХ-ын үүрэг, функц нь багасаад одоогийнх шиг мөнгө хаяад, алалцаад байх шаардлагагүй болчихож байгаа юм. Тэгээд ИТХ яахав гэхээр том том төслүүдийг хэрэгжүүлэхэд хотын мэрт мөнгө хэрэгтэй. Тэрийг л баталж өгөх ёстой. Одоо жишээ нь бид метротой болъё гэвэл хоёр триллион төгрөг хэрэгтэй. Үүнийг хаанаас олох вэ гэдгийг нь ИТХ тодорхойлж, баталж өгчихөөд, хотын мэр төсвийг төлөвлөгөөнийхөө дагуу зарцуулж байна уу, мөрийн хөтөлбөрт орсон бүтээн байгуулалтууд явж байна уу гэдгийг хянах үүрэгтэй болчихож байгаа юм. Харин мэр нь өөрөө кабинетын зарчмаар ажиллана. Дүүргийн Засаг дарга нарыг хотын мэр өөрөө томилно. Тэгэх юм бол бас дүүргийн ИТХ гээд 35 хүн сонгох гээд бужигнадаг солиотой тогтолцоо алга болно. Би гайхаад байдаг юм. Би одоо Чингэлтэй дүүргээс нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 17-р тойрогт АН-аас нэр дэвшиж байна. Ингээд сонгогдчихлоо гэж бодъё. Гэтэл намар дүүргийн ИТХ-ын сонгууль гээд дахиад бужигнана. Тэгээд дүүрэг бүрт 35 хүн сонгогдчихоор нийслэлийн ИТХ ер нь ямар хэрэгтэй юм. Хотын захиргаа гэж хоёр байшин л байна. Тэд юу хийдэг юм. Дүүргийн ИТХ нь дүүргээ мэддэг юм байгаа биз дээ. Ямар ч утгагүй тогтолцоо байгаа биз. Нийслэлийн ИТХ гэж 45 нөхөр тэнд юу хийх гэж зүтгээд, юуны төлөө сонгогдох гээд байгаа нь ойлгомжгүй болчихоод байгаа юм. Энэ нь жижиг сонгуульд бие халаалт хийж байгаад дамжаад дараа нь УИХ-д орох гэсэн санаархал.




-Хотын мэрийг нийслэлийн ИТХ биш нийслэлийн иргэдээс сонгодог болоод, дүүргүүдийн ИТХ-ыг тараачих юм бол нийслэлийн ИТХ нэлээд том эрх мэдэлтэй болох уу?


-Ерөөсөө кабинетын зарчмаар л явна гэсэн үг шүү дээ. УИХ улсын төсөв баталдагтай адил нийслэлийн ИТХ хотын мэрийн төсвийг батална. Тэгэхээр дүүрэг гэдэг Засгийн газраар жишээ авахад зүгээр л нэг яам гэсэн үг. Тэдний төсвийг нийслэлийн ИТХ багцлаад л өгчихнө. Дүүрэгтэй холбоотой асуудал гарвал хотын мэртэй л ярина. Түүнээс дүүргийн Засаг дарга хамаагүй. Түүнийг томилсон хүн нь мэр юм чинь. Дэлхийн жишиг ч ийм л байдаг. Жишээ нь Москвад Ю.Лужковын хийсэн шинэчлэл шиг тойрогт хуваасан ч болно. Том үйлдвэрүүдийн татварыг төр авдаг, үлдсэн хэсгийнх нь НӨАТ-ыг нийслэл авдаг гэх мэтээр ямар ч хуваарилалт зохицуулалт хийж болно.




-УИХ-ын гишүүд л хотын нэг сургуулийн дээврийн засвар, хорооллын дундах зам засвар гэх мэт жижиг асуудал яриад байдаг. Үүнийг нийслэлийн ИТХ дээр л ярьж байх ёстой биз дээ, уг нь?


-Нэрнээсээ л нийслэлийн ИТХ-ын гишүүн гээгүй төлөөлөгч гэж байгаа. Тэгэхээр бид ИТХ-д тухайн дүүрэг, хорооны хэдэн хүнийг төлөөлж суух гээд байгаа л асуудал. Та нарын асуудлыг тэнд дуулгадаг хүн болох гээд байгаа байхгүй юу. Чингэлтэй дүүргийн XVII тойрог буюу нэгээс зургадугаар хорооны иргэдийн асуудлыг нийслэлийн ИТХ-д сонгосон төлөөлөгч нь ярьж байх ёстой. Дээврээс ус гоожиж байна уу, цахилгаан тасрав уу, хог их байна уу гэх мэт асуудлыг нь ИТХ-ын төлөөлөгч нь юун түрүүнд шийдэж өгөх ёстой. Хоёрдугаарт, нөгөө яриад байдаг хотын том бодлого, хөгжил төлөвлөлтийг ярих ёстой. Манай АН-ынхан үүнийг олж харсан. МАН-ынхан ойлгохгүй л явж байна. Үүнийг МАН-ынханд хэлээд ч хийхгүй. Яагаад гэвэл хорооноос авахуулаад хот хүртлээ МАН-ын улс төрийн тогтолцоо нь явж байгаа болохоор мэдэж байгаа мөртлөө хийхгүй, хийх хүсэлгүй байгаа юм. Хийх боломж нь байна. Гэвч хийчихвэл тэдний бизнес нь алга болох гэж байна. Улс төр нь алга болох гээд байна шүү дээ. Хорооны Засаг даргын сонгуулийг хотын мээрийн сонгуультай явуулах юм бол анхан шатанд улс төрийн нөлөөлөл бага болно. Товчхондоо бол хотыг улс төрөөс ангид хол байлгахгүй бол хөгжихгүй.




-Нийслэлд засаг захиргааны өөрчлөлт хийнэ гэж дээр ярилаа. Үүн дээр нэмээд асуухад одоо байгаа есөн дүүргийн цөөрүүлэх, эсвэл олон болгох шаардлага бий юү?


-Заавал есөн дүүрэг байх шаардлагагүй. Ийм олон дүүрэг хэрэггүй гэж харж байгаа. Миний баримтлах зарчим бол биднийг тойроод дэлхийгээр нэг бэлэн жишээ байна. Гадаадын улс орнуудын туршлагыг харьцуулж байгаад өөрийн онцлогт тохирохыг нь аваад л болоо. Тэрнээс монгол хот төлөвлөлт гэж байхгүй байх. Бид угаасаа нүүдэлчин юм чинь. Дэлхий дээр Герман, Япон хоёр хамгийн сайн хот төлөвлөлт хийж байна. Өндөр үнэтэй ч гэсэн хамаагүй тэр чадаж байгаа хүмүүсийг нь авчраад хөлсийг нь төлөхдөө төлсөн шиг төлөөд, авах юмаа авсан шиг аваад, хот төлөвлөлтийн бодлогоо боловсруулах хэрэгтэй гэж боддог.

Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template