Ц.Мөнх-Оргил Их хуралд, Ч.Амарболд шоронд байх нь шударга ёс мөн үү


Ц.Мөнх-Оргил Их хуралд, Ч.Амарболд шоронд байх нь шударга ёс мөн үү

23 цаг 53 минутын өмнө
Хэд хоногийн өмнөөс, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад шахам вокзал, 3,4 дүгээр хорооллоор нэг Ц.Мөнх-Оргилын инээсэн зурагтай самбарууд байрлав.  Тэр самбар нь лаг уриатай. “Сур, сур бас дахин сур. В.И.Ленин” гэдэг шиг, “Иргэнд тэгш боломж, нийгэмд шударга ёс. Цэндийн Мөнх-Оргил” гэчихэж. Цагдаагийн дарга нарыг долдугаар сарын 1-ний хэргээр эмнэлгийн хагалгааны орон дээрээс нь чирч аваачаад шүүж байгаатай Ц.Мөнх-Оргилын сурталчилгааны ажил яг давхцав.

Давхцаж байгаа нь гайхалтай гаргалгааг нэхэх аж.
Хүмүүс ярьж байна. “Энэ Ц.Мөнх-Оргил юун нэр дэвших манатай баймаар юм. Уг нь өдийд цагдаагийн дарга нарын оронд, үгүй ядахдаа тэдэнтэй хамт ачигдсан шиг явж байх учиртай хүн дээ” гэцгээж байна. Үнэн л дээ.



2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй  холбоотой хүн бол яахын аргагүй Ц.Мөнх-Оргил. Тухайн үеийн Хууль зүйн сайд.
Цагдаагийн даргад шууд тушаал өгөх эрх мэдэл гагцхүү Хууль зүйн сайдад л байдаг. Бас Онц байдлын штабын дарга онц байдлын хугацаанд бүх үүрэг, тушаалыг өгч, асуудлыг зохицуулах чиг үүрэгтэй цорын ганц субьект.

Тэгэхээр таван хүний амийг хөнөөсөн хэрэг яаж ч байсан Хууль зүйн сайд, Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргилтой л холбогдоно.

Ц.Мөнх-Оргил үймээн самууны эсрэг бүхий л ажиллагааг удирдан, генерал Ч.Амарболдод үүрэг өгч, цагдаагийн байгууллагыг ажиллуулж байж. Хүмүүсийн амь нас хохирсны маргааш ч энэ талаар нийтэд мэдэгдэхгүй байх, болсон явдлыг баллуурдах ажлыг гардан хийж байсан тухай барим тавим баримтууд үлджээ.

Онц байдлын өдрүүдэд МҮОНТВ-ээр үзүүлсэн “клип”-үүд /Эхний хэсэгт нь МАХН-ын байр руу дайръя гэсэн О.Магнайгийн үг. Үдшийн бүрэнхийд хүмүүс тойруулчихаад тэмцэлд уриалж байгаа Б.Жаргалсайхан. Мөн “О.Магнай” гэсэн бичигтэй малгайтай нэгэн залуу түүнээс сая төгрөг авсан тухайгаа ярьж байгаа бичлэг/ нь тухайн үеийн МАН-ын сонгуулийн штаб дээр бэлтгэгдсэн. Ц.Мөнх-Оргил түүнийг нь үндэсний телевизээр олон удаа цацуулж, олон нийтийн тархийг угаахыг оролдсон тухай одооч яригддаг. Тухайн үед энэ талаар асуусан сэтгүүлчид хариулахдаа “Сонгуулийн штабаас янз бүрийн клип бэлтгээгүй. “25 дугаар суваг” телевизийнхэн гэмтлийн эмнэлэг дээр очиж, тэр залуутай уулзаж сурвалжилсныг бусад телевиз үзүүлсэн байсан. Түүнээс биш бид зориуд бэлтгээгүй” гэсэн. Харин Хууль зүйн сайд худал залсан нь бараг л тогтоогдсон. Дээрх “клип” нь гурван өөр телевизийн бичлэгээс эвлүүлэн, мэргэжлийн студид бэлтгэсэн байдаг.

Үүнийг нь тухайн үед мэдээллийн хөтөлбөр хөтөлж байсан үндэсний телевизийн сэтгүүлч бариад өгчихсөн аж. Тэр “клип”-ийг үзүүлэхийнхээ өмнө “За, одоо Сайнжаргал хурандаагийн авчирсан бичлэгийг үзүүлье” хэмээн ам алдаж байсныг мартаагүй хүн олон л байгаа.

Ц.Мөнх-Оргил долдугаар сарын 1-ний хэргийг ингэж л баллуурдаж байжээ.

Тэр 2000-аад оны үед одоогийн Ерөнхий сайд С.Батболдтой хөтлөлцөн МАХН-ын хаалгыг татаж, улс төрд хөл тавьж байв.АНУ-ын Харвардын Их сургуулийг 1996 онд төгссөн түүнийг Хууль зүйн дэд сайдаар тэр дор нь дэвшүүлж байсан түүх бий.
Ц.Мөнх-Оргил 2000 онд Хууль зүйн дэд сайд, 2004 онд УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд. 2006-2007 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2007-2008 онд Хууль зүйн сайдаар ажилласан. Айхтар хурдаар ажил, албан тушаал нь дэвшсэн түүх эндээс харагдана.

Харин тэр 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг дарж өгөн, УИХ-д дахин сууснаасаа хойш намжим байсаар дөрвөн жилийг өнгөрөөв. Гэрлийн хурдаар ахиулж байсан албан тушаал, карьераа ч зогсоож, чуулган дээр ч ам ангайхаа больсон.

Ганц, хоёр сарын дараа тарах гэж буй энэ Их хурлын хуулиар “ярьдаг” гэгддэг АН-ын Х.Тэмүүжин, МАН-ын Ж.Сүхбаатар хоёрын дэргэд Ц.Мөнх-Оргил бол төгссөн сургуулиараа ч, улс төрд хуримтлуулсан туршлага, ажилласан зангаргааргаа илүү байх магадлалтай. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд тэрээр хамгийн үг дуу цөөтэй гишүүдийн нэгэн болж хувирчээ. Олон хүн гайхсан ч тун удалгүй Ц.Мөнх-Оргилын “нуувч”-д орсон шалтгаан тодорхой болсон. Энэ нь хамаагүй ярьж, хөдөлбөл долдугаар сарын 1-ний хэрэг нь сэдэрчих гээд байсан юм болов уу гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм.
Тэрээр 2008 оны сонгуулийн дараахан нэгэн ярилцлагадаа “Монголын төр, засаг тухайн үед бололцоотой бүх арга хэмжээг авсан. Сануулах, урьдчилан сэргийлэх, тараах гээд бүх хүч чадлаа дайчлан ажилласан” гэжээ. Мөн долдугаар сарын 1-ний хэргийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад “Яагаад улстөрчид, цагдаагийнхан бусдын турхирсан, зохион байгуулсан, оролцсон эмх замбараагүй байдал, үймээний хариуцлагыг хүлээх ёстой гэж. Турхирсан, зохион байгуулсан, оролцсон хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой” гэж байлаа.

Тэр одоо УИХ-д дахин орох гэж тэгш боломж, шударга ёсны төлөө тэмцэнэ хэмээн сур-талчилгааны самбаруудыг эзэгнэж эхэлжээ.

Долдугаар сарын 1-ний сэдвийг сөхөн мань хүнийг УИХ-д нэр дэвших боломжтой эсэхийг лавлахад “Хариуцлага хүлээх хүн нь би биш, сонгуульд нэр дэвшихэд энэ хэрэг огт хамаагүй” гэсэн хариулт өгчээ. Тавын таван хүн амь насаа алдсан хэргийн тухайд Хууль зүйн сайд байсан энэ хүн ядаж ёс зүйн хувьд хариуцлага хүлээх ёсгүй гэж үү. Ер нь тэрээр Хууль зүй, дотоод хэргийн сайд байсныхаа хувьд долдугаар сарын 1-ний хэрэг явдлын төлөө ямар хариуцлага хүлээсэн юм бэ. Ядаж, ийм явдал болсонд уучлаарай гэж ард түмэндээ хэлсэн үү.

Чухамдаа хуулийн байгууллага цагдаагийн дарга нарыг буруутгаж байгаа л бол Ц.Мөнх-Оргилыг тэдэнтэй хамт чирэх л учиртай. Энгийн логик нь энэ. Ухвал, цагдаагийн дарга нар зүгээр л тушаал гүйцэтгэгчид.

Ц.Мөнх-Оргил 2008 оны долдугаар сарын 1-нд тэдэнд хууль болон харагдаж байсан байж таарна. Нэгэнт тангараг өргөсөн цагдаагийн алба хаагчид түүний тушаал бүрийг үг дуугүй мөрдөх нь ойлгомжтой. Яг үнэндээ генерал ч бай, дэд ахлагч ч бай “таван хошуу” л бодож ажиллаж, үүргээ гүйцэтгэдэг.

Долдугаар сарын 1-нд Ц.Мөнх-Оргилын Ч.Амарболд руу залгасан утасны жагсаалтыг гаргавал нэлээд хэдэн хуудас болно доо. Тэгээд дээрээс нь тэнд юу ярьсан талаарх бичлэг нь байж байгаа бол юу гарч ирэх бол…
Мөн ганц үнэн бол тэд Хууль зүйн сайд, Онц байдлын штабын даргын тушаалгүйгээр хүн рүү буудах байтугай өөр жижиг хөдөлгөөнийг ч хийхгүй.

Энэ бол цагдаагийн буюу хүчний байгууллагын албан хаагчдын бичигдээгүй хууль ажээ. Энэ нь хэдхэн сарын өмнө болсон Гуравдахь Ерөнхийлөгчийг баривчилсан ажиллагаа, төрийн генерал, хурандаа нарыг Шүүхийн шийдвэрийн хоёр ахлагч зүгээр л дамжилдаад ма¬шинд чихэж байгаа зэргээс тодорхой харагдана.
Тэд зөвхөн тушаал биелүүлж байгаа хэрэг.

Харин өдгөө дөрвөн жилийн өмнө нэг баг болон ажиллаж бие биедээ тушаал өгч, гүйцэтгэж байсан эрхмүүдийн ту¬шаагч, зохион байгуулагчийг нь үлдээн, гүйцэтгэгчийг нь яллахаар лав хоёр өдөр ноцолдлоо.

Таван хүний амь хохирсон хэргийн буруутан, эсвэл гэрч гээд заавал холбогдох энэ эрхэм өнөөдөр УИХ-д нэр дэвшчихсэн тууж явна. Бас болоогүй ээ, “Нийгэмд шударга ёсыг бий болгоно” гэсэн гайхалтай уриатай.

Ингэхээр Хууль зүйн сайд, Онц байдлын штабын дарга байсан Ц.Мөнх-Оргил УИХ-д сууж, Ч.Амарболд нарын үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дарга нар шоронд орох нь шударга ёс мөн гэж үү... Харвард төгссөн хуульч, 2008 оны долдугаар сарын 1-нд Хууль зүй, дотоод хэргийн яамыг толгойлж байсан Ц.Мөнх-Оргил гишүүн та үнэхээр нийгэмд шударга ёсыг тогтооё гэж байгаа бол энэ ажлаа сонгуульд нэр дэвшихээс татгалзаж эхлээч дээ.

Б.ГАРЬД Зууны мэдээ
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template