Эдийн засгийг унагаж, инфляцийг өсгөж дуугарахын цаана

Надад, чамд наалдсангүй гэж чичлүүлээд байгаа Монголын эдийн засгийн өсөлтийг ирэх 2013 онд 23 хувьд хүрнэ гэсэн прогнозыг Олон улсын Валютын сангаас хийсэн бол манай Засгийн газрын зүгээс энэ тооцооллыг дарж 15.2 хувь гэж дуугарлаа. Уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл зэрэг нь ийм өсөлтийг дагуулна гэж үзжээ. Харин хоёр оронд шилжсэн инфляцийг 5 хувь руу буулгана гээд байсан гэгээтэй төсөөлөлдөө өөрчлөлт оруулж, 13.1 хувьтай л байх нь дээ гэх өсгөсөн таамаглалыг дэвшүүллээ. Шалтгааныг нь угтах жилүүдэд эдийн засаг өсөх учраас гэж учирлав. Тэгэхээр Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлт, халалт нь инфляци буюу мөнгөний ханшийн уналтыг даллаж байна гэсэн агуулгатай тайлбар хийж байгаа бол, Монголбанкны зүгээс инфляци өндөр, хэлбэлзэл ихтэй байх нь цаашлаад эдийн засгийг тодорхой бус, тогтворгүй байдалд хүргэж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ. Зөвхөн мөнгөний бодлогоор эдийн засгийн урт хугацааны, тогтвортой өсөлтийг хангах, хямралын эрсдлийг бууруулах, эдийн засгийн халалтын эрсдлээс сэргийлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Энэ нь улстөрчид болоод эдийн засагчдын харах өнцөг өөр байгаагийн нэг илэрхийлэл. Эдийн засгийн тогтвортой байдлын төлөөнөө Төсөв, мөнгөний бодлого зохистой уялдаж, хослож чадахгүй байгаагийн тодорхой илэрхийлэл. Эхэнд өгүүлсэнчлэн эдийн засаг өсөөд байна гэх тоон мэдээлэлд таатай ханддаг хэсэг өнөөдрийн нийгэмд цөөн байгаад “буруутай” гол шалтгаануудын нэг нь. Иргэдийн тухайд цаасан дээрх тоон өсөлтүүд хэд ч байлаа гээд, бодит орлого нь нэмэгдэхгүй, хэтэвчин дэх хэдийнх нь үнэ цэнэ утгаа алдаж, ширхэг талх, килограмм махаа авах мөнгөнийх нь хэмжээ нэмэгдээд байхад эдийн засаг өсч байна гээд алга ташаад суухгүй. Тэрчлэн Дэлхийн банк, Олон улсын валютын сантай хамтран явуулсан судалгааны дүнд энэ онд манай улсын инфляци 25 хувьд хүрэхээр таагүй төсөөллийг гаргасан. Он он дамнан үнийн өсөлтөд нэрвүүлж байгаа иргэдийн хувьд ч үнэхээр хүнд тусч болзошгүй дүр зураг улам ноёлж байгааг тодотгоё. Арван оны эцэст инфляци улсын хэмжээнд 13.0 хувиар өсч байсан бол, арваннэгэн оны сүүлчээр 13.9 хувийн өсөлтийг үзүүлсэн. Харин энэ оны гуравдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд жилийн 15.3 хувь, Улаанбаатар хотод жилийн 17.3 хувьд тус тус хүрснийг ҮСХ-оос мэдээлээд байгаа. Ер нь бол хөгжиж буй орнуудын жишгийг харахад инфляцийн төвшин нь жилийн 5-8 хувь байхад боломжийн гэгддэг аж. Гэтэл манайд хамаагүй өндөр байна. Бүр инфляцийн өсөлт хэдийнэ 20 хувьд хүрчихсэн, нууцлаад байна гэх байр сууриуд ч гарах болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Төв банкны зүгээс ч “инфляцитай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэхдээ болгоомжтой хандвал зохистой байх” гэсэн зөвлөгөөг хэвлэлийнхэнд өгч буй. Мэдээж үүнийг шууд үгүйсгэх нь өрөөсгөл. Уг нь Монголбанкнаас Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд: Инфляцийг энэ 2012 онд нэг оронтой тоонд, ирэх 2013-2014 онуудад найман хувиас хэтрүүлэхгүй төвшинд байлгахаар тусгасан. Инфляцийг нэг оронтой тоонд байлгах зорилт нь эдийн засгийн өндөр өсөлтийн үед хөрөнгө оруулалтыг бууруулалгүй, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн амьжиргаанд аль болох бага сөрөг нөлөөтэй байх, төгрөгт итгэх итгэлийг хадгалах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгаа хэмээн тодотгосон. Гэхдээ инфляци 10 орчим хувь дээр үргэлжлэн удаан тогтох нь зээлийн эх үүсвэрийн зардлыг хямдруулан, хүүг бууруулахад саад болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрчлэн үнийн өсөлтийн хэмжээг бууруулахын тулд мөнгөний бодлогыг нэмж хатууруулах бодлогын арга хэмжээг аваад байгаа. Тодруулбал, Төв банкнаас баримталж буй мөнгөний бодлого хатуурч байна уу, зөөлөрч байна уу гэдгийг илтгэхийн зэрэгцээ банк хоорондын захын хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 13.25 хувьд, заавал байлгах нөөцийн хувийг 1 нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Харин энэ шийдвэрийн араас Бодлогын хүү өсөхөөр банкуудын зээлийн хүүнд хөдөлгөөн орно. Зээл хумигдана гэсэн сөрөг хүлээлт үүсч буй бол Монголбанкны байр суурь өөр. Бодлогын хүүний өсөлтийг даган зээлийн хүүгээ нэмэгдүүлэх эсэх нь тухайн арилжааны банкнаас шалтгаална, бодлогын хүү нь зээлийн хүүг нэмэгдүүлэх шууд шалтгаан болохгүй гэж Монголбанкны мөнгөний бодлого судалгааны газрын захирал Д.Болдбаатар хэлж байсан. Гэхдээ энэ нь дээр өгүүлсэнчлэн “инфляци хоёр оронтой тооноос доошлохгүй удаан тогтоод байвал зээлийн эх үүсвэрийн зардлыг хямдруулан, хүүг бууруулахад саад болно” гэх Монголбанкны бас нэг байр суурьтай зөрчилдөөд байгаа юм. Ер нь бол “Бодлогын хүүний өсөлт нь инфляцийн хөөрөгдлийг бууруулах, мөнгө зээлийн агрегатуудын хурдацтай өсөлтийг сааруулж зохистой түвшинд байлгах, эдийн засгийн хэт халалтаас зайлсхийхэд чиглэгддэг. Харин эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулдаг. Тэгснээр зээл олголт, хэрэглээг хөхүүлэн дэмжиж эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг” гэх тодорхойлолтоос харахад ч зээлийн хумигдалт, хүүгийн өсөлтөд нөлөөллийг үзүүлэхгүй өнгөрөх боломжгүй биз ээ. Ямартай ч, Монголбанкнаас мэдээлж буйгаар энэ удаагийн бодлогын арга хэмжээг хатууруулсан шийдвэр нь махнаас бусад үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэж байгаа гэж буй. Тодруулбал төсөв, төсөвтэй адилтгах зардал буюу Хөгжлийн банкнаас төлөгдөж байгаа зардал дээр өдөөгдсөн илүүдэл эрэлтийн дээр, гаднаас манай эдийн засагт ихээхэн хөрөнгө орж ирж байгаа нь инфляцийн дарамтыг бүр ихээр нэмэх гээд байна гэж үзсэн байгаа юм. За харин Заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрээ зөв арга хэмжээ гэж буй. Учир нь манай эдийн засагт орж ирэх хөрөнгийн урсгал нэмэгдэхээр прогнозтой байгаа бол дээрх шийдвэр нь банкуудыг илүү их бэлэн мөнгөний нөөцтэй болгож өгнө. Улмаар орж ирж байгаа мөнгөнд гарч байгаа хөдөлгөөнүүдийг өөрийнхөө бэлэн мөнгөний нөөцөөр уян хатан удирдаад байх, тэр нөлөөллүүд нь зах зээл дээр хүчтэй доргио өгөхгүй байхад хамгаалалт болж өгдөг хамгийн зохимжтой хэрэгсэл гэж тодотгож байгаа. Харин бодлогын хүүг өсгөх шийдвэрийн тухайд тодотгоход Төв банк 2011 оны дөрөвдүгээр сарын 28-наас хойш таван удаа өсгөөд байна. Тэр болгондоо “Бодлогын хүү нь зах зээлд суурилсан, зах зээлийг дагуулах шинж чанартай хэрэгслийнхээ хувьд үр дүндээ илүү баталгаатай хүрэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, зах зээлийн оролцогчид нь бодлогын хүүний өөрчлөлтийг дагаж дуртайяа орж ажилладаг учраас зорьсон үр дүндээ илүү сайн хүрдэг. Гэхдээ сул тал нь гэвэл эдийн засагт хугацааны хоцролттой нөлөөлдөг. 2 улирлын дараачаас нөлөө нь эрчимжээд, 4-6 улирлын дараа байндаа хүрдэг” гэсэн тайлбарыг дайдаг. Тэрчлэн 2011.04.28-нд 11.5 хувь, 2011.08.29 –нд 11.75 хувь, 2011.10.25 –нд 12.25 хувь, 2012.03.19 –нд 12.75 хувь 2012.04.17 –нд 13.25 хувьд хүргэж тус тус өсгөөд байгаа бодлогын хүүгийн өсөлтийг дагаж ирэх үр дүн улстөрчдийн зүгээс хамааралтай төсвийн тэлэлтүүдтэй холбоотойгоор цаашлаад байгааг эдийн засагчид хэлж байгаа юм. Сүүлийн 24 сард төсвийн тэлэлт хурдтай нэмэгдэж байгаа нь мөнгөний бодлогыг зөөлрүүлэх боломжгүй болгосон. Ерөөс монголбанкнаас инфляцийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь төсвийн тэлэлтийн эсрэг арга хэмжээ авахгүйгээр, нийлүүлэлтийн хомсдлыг арилгах тал дээр арга хэмжээнүүд авахгүйгээр үр дүнд хүрэхэд бэрх гэдгийг өнгөрөгч оноос эхлэн ярьж байгаа ч, сонгууль угтсан жилийн төсөв өнгөрөгч оныхоос 2 их наядаар давсан, тэр дотор бэлэн мөнгөний тараалтууд хэлбэрээ өөрчлөн явагдаж байгаа, хувийн хэвшлийн эрэлтийн өсөлтөөр өдөөгдөх нийт эрэлтийн инфляцид үзүүлэх нөлөө буурахгүй, дээр нь нэмээд нийлүүлэлтийн талын хүчин зүйлсийн инфляцийг өсгөх эрсдэлүүд хэвээр байхад хүрэх үр дүн бүрхэг байгаа юм. Тэрчлэн нэг салбараас “хараат”-аар өндийж байгаа эдийн засгийн энэ өсөлт нь хэврэг, нас богинотой. Ашигт малтмалаас угшилтай орлого хумигдахад дагаад уруудах тодорхой эрсдэлтэй юм. Хэдийгээр Standard & Poor”s агентлагийн тайланд байгаачлан Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-ийн өсөлт 2011 онд 2973 ам доллар байж, цаашлаад 2014 он гэхэд 6560 ам.доллар хүртэл өснө гэх гоё таамаглалууд байгаа ч, уул уурхайгаас бусад салбарын өсөлт өндийгөөд байхаар тооцооллууд байхгүй байгаа. Энэ нь эдийн засгийн өсөлт хэврэг чигээрээ уруудаж, бидний монголчууд ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй өсөлтөөс од шүүрч чадахгүй хоосон үлдэх вий гэсэн сэрэмжийг дагуулж байна. Тэгэхээр эдийн засагчдын хэлж, сануулаад байгаачлан Макро зохистой бодлогыг бодитой хэрэгжүүлэх шаардлага байна. Тодорхой хэлбэл үүсээд байгаа нөхцөл байдалд нийцсэн, хоорондоо уялдсан, мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний болон санхүүгийн бодлого, шийдлийн цогц арга хэмжээ авагдах ёстой аж. Тэгсэнээр эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал хэтдээ хадгалагдаж, эдийн засгийн өсөлт нь эрүүл, иргэдэд илүү хүртээлтэй байх нь. Э.Болорхажид
Share this movie :

Post a Comment

 
Support : Creating Website | Johny Template | Mas Template
Copyright © 2011. . - All Rights Reserved
Template Created by Creating Website Published by Mas Template
Proudly powered by Free Blogger Template